Л.Мөнхөө: Танил тал, ажлын туршлага огт хэрэггүй, ажлын хувцас л байхад манайх ажлын байраар хангана


2018-10-1 01:26

Тэртээ 1997 онд 22-хон насандаа бусдын л адил ажил хийж мөнгө олох зорилго өвөртлөн БНСУ-ыг зорьж, 11 жилийн турш хүний нутагт ажиллахдаа цуглуулсан туршлагаа эх орондоо нутагшуулахаар зориглон, дөрөвхөн сарын хугацаанд 8000 гаруй хүнийг АРБАЙТ буюу өдрийн ажилд зуучилж, олон мянган гэр бүлийг өдрийн хоолтой нь залгуулж яваа энэ залууг Л.Мөнхөө гэдэг. Тэрбээр, Монголын нийгэмд тулгамдсан томоохон асуудлуудын нэг гэгддэг ажилгүйдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэрээ оруулж, ажил олгогч, ажил горилогч нарыг холбох гүүр нь болон ажиллахын тулд олон, олон бэрхшээлтэй тулгарсан ч шантралгүйгээр зүтгэж өдгөө "АРБАЙТ ИЛЛЁГ" гэх компаниа байгуулан, олон хүний амьдралд гэрэл нэмэн амжилттай ажиллаж яваа нэгэн юм.

Ингээд түүний ажлын арга барил, амьдралын туршлага, баримталдаг зарчим, ажил горилогчдод олгож байгаа боломжуудынх нь талаар ярилцлсан ярилцлагыг хүргэе.

-Солонгост олон жил ажилласан гэсэн. Хэдэн настайдаа Солонгос улсыг зорьсон бэ?

-1997 онд 22 настайдаа бусадтай л адилхан мөнгө олох, ажил хийх зорилгоор БНСУ-ыг зорьсон. Нийтдээ 11 жил ажиллаад Монголдоо ирсэн дээ.

-Анх очиход ямар байв. Ер нь тэнд ажиллах нөхцөл хэр байдаг юм бэ?

-Анх очоод барилгын компанид ажилд орсон. Даанч намайг очсноос яг нэг сарын дараа Солонгост эдийн засгийн хямрал болж таарсан. Өөрөөр хэлбэл, Ард түмэн нь оочирлож байгаад алтаа тушааж байсан үе.  Тэнд хямрал болохоор бүх байгууллагууд нь шууд хаалгаа барьдаг юм байна лээ. Тэгээд л нэг сар ажилласан цалингаа аваад л гарсан даа. Ажлаас гарснаас хойш гурван сарын турш ажил хайж явсны эцэст нэг гэр бүлийн хайрцагны үйлдвэрт цалингүй, байртай, хоолтойгоор ажилд орж байлаа. Тэндээ хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт нэг контейнерт амьдраад, өглөө босч цайгаа уугаад л 8.00 цагт ажил эхэлж, шөнийн 2.00 цагт дуусдаг байсан. Надад бол яг тэр хямралын үед тэнд байх нь л чухал байсан. Тэгээд яг зургаан сарын турш цалингүй ажиллаад долоо дох сараас нь эхлэн сарын 600 мянган воны цалинтай болсон. Тэндээ хоёр жил ажиллаад “Иллёг самушил” гэж хүний нөөцийн оффис гэдэг цагийн ажлын газарт ажилд орж маш олон ажилд гарч, бүх төрлийн ажлыг “амталж” үзсэн дээ.

-“Иллёг самушил” нь Солонгосдоо яг ямар зарчмаар ажилладаг юм бэ?

-Солонгос газар нутаг нь жижигхэн ч гэсэн маш олон дүүрэгтэй. “Иллёг самушил” гэдэг нь дүүрэг бүрт салбартай нэг үгээр хэлбэл ажлын байрны сүлжээ гэсэн үг. Нэг өдөр, хоёр өдөр ажиллах түр ажилтан хүссэн ажил олгогчид тухайн газар хандаад ажилчдаа авдаг. Тухайн үед надад эдийн засаг нь хямарсан улс, эргээд сэргэхэд энэ их чухал юм уу гэж харагдсан. 1990-ээд оны сүүлээр Солонгос улсад олон компани дампуурч, эдийн засгийн хямрал нүүрлэж, олон хүн ажилгүй болж байсан үе. Эргээд эдийн засаг нь сэргэх үеэр цомхотгосон ажилчдаа тэр даруйд ажилд авч чадахгүй байсан учир “Иллёг Самушил” буюу “Хүний нөөцийн оффис”-оос бэлэн хүнээ аваад ажлаа түргэвчилж эхэлсэн юмЭнэ нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Ажил хайсан хүмүүст ч хэрэгтэй байдаг юм байна лээ. Энэ үйл ажиллагаа одоог хүртэл үргэлжилдэг. Одоо манайхаас гурван сараар очиж байгаа хүмүүс яг энэ газарт хандаж цагийн ажилд гараад явж байгаа.

-ДӨРВӨН САРЫН ДОТОР 8000 ГАРУЙ ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧИЛЖ, ӨДРИЙН ОРЛОГОТОЙ БОЛГОСОН-

-Яагаад энэ чиглэлийн компанийг Монголдоо байгуулъя гэж бодов. Манай Монголын нөхцөлд ер нь тохирох уу?

-Би 2008 онд Солонгосоос ирчихээд энэ ажлыг эхлүүлэх гэж хоёр, гурван ч удаа оролдож үзсэн юм. Гэсэн ч тухайн үед манай улсын татварын орчин тийм ч амар байгаагүй. Тухайн үед зуучлагч байгууллага гэсэн ойлголт байхгүй, ажил олгогч гэж хардаг байсан. Нийслэлийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан юм билээ. Тиймээс энэ жил ажлаа дахин эхлүүлсэн нь нэгэнт энэ төрлийн ажлыг эхлүүлэх цаг нь болжээ гэж бодож зориглосон юм. Өнөөдөр Монгол залуус Солонгос улс руу олноор явж ажиллаж байна. Ингэхдээ ихэнх нь Иллёг Самушил гэдэг газраар үйлчлүүлдэг. Тухайн өдөртөө ажилласан хөлсөө орой нь авдаг учраас үр бүтээл өндөртэй байдаг. Ер нь бол энэ ажил маань нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн гэж ойлгож болно. Залуучууд ажилгүй, хоногийн хоолоо яах вэ гээд явах нь ч цөөнгүй. Зарим нь сар хүлээж авсан цалингаа өр болгож, төлж л амьдарч байна шүү дээ. Харин өдөр өдөрт нь хөдөлмөрийн хөлсөө аваад явбал хүнд өөрт ч урамтай байдаг.

Өдрийн орлого нь найдвартай, тогтмол учраас түүнээсээ хадгаламж үүсгээд, улмаар хувиараа татвараа төлөөд ч явах боломжтой. Нөгөөтэйгүүр олон хүүхэдтэй, өвчтэй хүн асардаг зэрэг шалтгаанаар урт хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүст ч гэсэн тодорхой өгөөжтэй. Амьдралын шаардлагаас болоод хөдөлмөр эрхлэх боломжгүй энэ хүмүүс хөдөлмөрийн чадамжтай атлаа орлогогүй байгаа нь нийгэм өөрөө тэднийг гуйлгачин шиг болгочхож байгаа юм. Хүнээс гуйж л амьдрах шаардлага гарна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс ядаж ганц нэг өдөртөө ч болов тогтмол орлоготой болж чадвал амьдралд нь бага ч болов тус нэмэр болно гэж хардаг юм. Бид зүгээр нэг хүн ажилд зуучлах биш тэднийг тогтмол орлоготой болгох, нийгмийн үүрэг хариуцлагаа бас давхар хүлээж буй юм. Мөн залуус мэргэжлээ буруу сонгох нь өнөөдөр ихэссэн байна. Тиймээс хөдөлмөрийн үнэ цэнийг бас ойлгож, өөрийн хийж чадах ажил, зөв салбараа олох боломж үүгээр үүсч болно. Зарим залуус барилгын ажил ч юм уу хийчихээд, хийж болмоор, сонирхолтой салбар байна гээд тэндээ урамших нь ч байдаг. Хамгийн гол нь хүн хүссэн үедээ ажиллаад, хүссэн үедээ амрах боломжтой. Нэг төрлийн хөдөлмөрийн эрх чөлөө юм даа.

-Үйл ажиллагаагаа эхлээд хэдий хугацаанд нийт хэчнээн хүнийг ажлын байранд зуучилсан байна вэ?

-Манай албан ёсоор үйл ажиллагаагаа эхлээд 4 сар болж байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 8780 хүнийг ажлын байранд зуучилж, өдрийн орлоготой болгосон байна.

-Ямар ямар ажил хийх боломжтой байдаг вэ?

-Бүх төрлийн ажил хийх боломжтой. Учир нь ямар ч байгууллагад гэнэтийн, олон хүн шаардсан ажил гарч, туслах ажилчны шаардлага гардаг. Тэр байгууллагууд манайд хандаад шаардлагатай ажилчдаа авдаг. Манайхаас очсон хүмүүс ажлыг хийгээд өдөр өдөрт нь цалингаа аваад явдаг.

-Аль салбараас ажиллах хүч авах санал их ирдэг вэ?

-Ерөнхийдөө улирлын шинжтэй ажлууд их элбэг. Зун гэхэд барилгын салбар, газар тариалангийн салбараас их санал ирдэг юм байна. Мөн айл нүүлгэлт, зочид буудал буюу үйлчилгээний байгууллагуудад хүний нөөц их шаардлагатай байх жишээтэй.

-Өдрийн цалин нь хэд байх уу?

-Өдрийн үнэлгээ нь 30 мянган төгрөг байдаг. Гэхдээ зарим байгууллагууд тэдэн хүн явуулаач, эсвэл тэр, тэрийг явуулаач өдрийн 35, 40, 50-ыг өгье гээд тохирох тохиолдолд ч их байдаг. Энэ үнэлгээ цаашид өсөх бүрэн боломжтой. Би анх 1997 онд Солонгост очихдоо өдрийн 30 мянган төгрөгөөр л ажилд гардаг байсан. Одоо бол энэ үнэлгээ өссөн.

-ТАНД ТАНИЛ ТАЛ, АЖЛЫН ТУРШЛАГА, МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ АЛЬ НЬ Ч ХЭРЭГГҮЙ, АЖЛЫН ХУВЦАС Л БАЙХАД ХАНГАЛТТАЙ-

-Нэрний тухайд яагаад “SAMSHIL HR” гэж нэрлэсэн юм бэ?

-Самушил гэдэг нэрийг монголчилбол “Хүний нөөцийн оффис” гэсэн утгатай юм даа. Гэхдээ Хөдөлмөрийн бирж, Ажиллах хүч, зуучлах товчоо гэх зэргээр нэрээ өгчихөөр хүмүүс хол хөндий хүлээж авдаг юм билээ. Очоод л бөөн бичиг цаас бүрдүүлж, хүндрэл чирэгдэл болно гэж л боддог юм шиг санагдсан. Тэгэхээр мэдээлэл нь хурдан түгэх болов уу гэж Самушил гэдэг нэрээр нэрлэсэн. Учир нь айл бүрт өнөөдөр Солонгост ажиллаж үзсэн, ажиллаж байгаа нэг хүн байх жишээтэй.

-Манайд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бий шүү дээ. Тэр байгууллагуудаас юугаараа онцлог гэж та хэлэх вэ?

-Манайд бий л дээ. Гэхдээ цаг хугацаа их алддаг юм шиг санагддаг юм. Очиж бүртгүүлээд, тухайн байгууллагад нь танилцуулна, хариу хүлээнэ, хариу ирэхээр нь очиж уулзахаар үзэмж харна гэх зэрэг цаг их алддаг бол Самушил бол компани, байгууллага, хувь хүнээс ирсэн ажлын саналд хүн нь бэлэн байж байдаг. Мөнгө хэрэг болсон. Ажил хайсан хүмүүст ажил нь бэлэн байж байдаг. Бид хэнээс ч, юу ч шаарддаггүй. Та ажил хийхийг хүсч байгаа бол өглөө эрт босоод 6.00 цагт манай оффис дээр хүрээд ир. Тэгээд хүссэн ажилдаа шууд гарч болно. Танд танил тал, ажлын туршлага юу ч хэрэггүй, ажлын хувцас л байхад хангалттай. Бид өглөө 6.00 цагт цуглаад, ирсэн ажлын саналаа хараад 8.00 цаг гэхэд хүмүүс маань ажилдаа явж эхэлдэг. Байгууллага, компаниуд бидэнд олон ажилтантай байх тусмаа санхүүгийн хувьд хэцүү, татвар өндөр төлнө, ажлын үр бүтээмж төдийлөн сайжрахгүй байгаа зэрэг шалтгаанаар хандах нь бий. Тэгэхээр тухайн шаардлагатай ажилдаа л өдрөөр орон тоо гаргаад, ажлаа хийлгүүлээд хөлсийг нь цагт нь өгчихвөл олон талын давуу байдал үүсдэг. Яг хэрэгтэй үедээ хүний нөөцөө бүрдүүлдэг газраар хүнээ бүрдүүлээд явчихвал цаг хугацаа маш их хэмнэдэг. Хэрэгцээтэй хүнээ урьд өдөр нь бидэнд хэлээд, цалинг нь бидэнд өгчихдөг. Цалин нь бэлэн болохоор ажилд зуучлуулж байгаа хүн ямар ч эрсдэлгүйгээр ажлаа бүтээмжтэйгээр хийчихдэг. Орой нь цалингаа хүлээгээд авчихдаг болохоор асуудал ч үүсдэггүй. Өнөөдөр эдийн засгийн хүнд байдлаас болоод олон компани дампуурч байна. Энэ нь хүний нөөцөө зөв төлөвлөөгүйгээс сүүлдээ ажилчдынхаа цалинг ч өгөх боломжгүй байдалд хүрэх нь бий. Тиймээс энэ мэт эрсдэлээс сэргийлэх боломж нэг талдаа үүсч байгаа юм.

 

Өдрийн ажил гэхээр оюутнууд бас их сонирхох байх. Оюутнууд ажиллах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яахав. Хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн л бол, өндөр, нам, өргөн, бүдүүн, хөгшин, залуу хамаарахгүй хүн бүр ажиллах боломжтой. Одоогоор бол оюутнууд маань ихэвчлэн амралтын өдрүүдэд ажиллаж байгаа. Би энэ компаниа хөдөлмөр амталгааны газар гэж нэрлэх дуртай. Учир нь манайд хандсан залуучууд маш олон төрлийн ажил хийж үзээд, зарим ажилд нь бүр дурлаж, сонирхсон ажилдаа орж, байнгын ажлын байртай болсон залуучууд маш олон байгаа. Тэгэхээр залуучууд маань өөрийнхөө сонирхсон ажилдаа орохын тулд эхлээд хийж үзэх хэрэгтэй. Цалингаа аваад бүх төрлийн ажлыг хийж үзээд тэндээсээ санаа аваад компани байгуулчихсан залуучууд ч гэсэн байна.

-Нас, хүйс харгалзахгүй ажиллах боломжтой гэсэн. Эмэгтэй хүмүүс болон настай хүмүүс танайд хэр их хандаж байна. Тэдгээр хүмүүст тохирох ажлын байр бий юу?

-Бид тоглоом, шоглоомоор “насанд хүрсэн байх ёстой, нас бараагүй байх ёстой” гэж хошигнодог. Манайд бол янз бүрийн л хүмүүс ханддаг. Эмэгтэй хүмүүс гэхэд манайд хандаад янз бүрийн цэвэрлэгээ, дотоод заслын ажилд их гардаг. Бас манайхаас тогтмол ажилд гардаг 65 настай дөрвөн хүн байгаа. Тэднийг ажил олгогчид авах их дуртай байдаг. Бүр нөгөө дөрвөө явуулаач гээд л захиалга өгдөг. Учир нь эдгээр хүмүүс маань хөдөлмөрийн өндөр соёлтой, туршлагатай, хариуцлагатай байдаг. Нэг хүнийг нь 6-7 залуучуудтай нэг ажилд томилоход, тэр ажлыг яаж хийвэл чанартай, эдэлгээ удаантай сайн хийх вэ гэдэг гаргалгааг нь гаргаад, зөвлөөд хийлгэдэг. Ямар ч ажлын учрыг нь олоод хийчихдэг.

-Өнөөдрийн байдлаар өдрийн ажил хийж байгаад байнгын ажилтай, орлоготой болсон хэчнээн хүн байна?

-Яг бидэнд мэдэгдсэн 42 хүн байна. Үүний цаана бидэнд мэдэгдээгүй тухайн газраа үндсэн ажилтнаар орсон хүмүүс олон байдаг юм байна лээ.

-ГОЛ БЭРХШЭЭЛ НЬ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АСУУДАЛ БАЙНА-

-Энэ олон хүнийг ажлын байранд зуучилж хамтарч ажиллахад хүндрэлтэй зүйл олон байдаг байх. Тулгамдаж байгаа хамгийн том асуудал юу байна?

-Гол бэрхшээл нь нийтийн тээврийн асуудал байна. Бусдаар бол манайд хандаж байгаа залуучууд ямар ч ажлыг голохгүйгээр, маш сайн хийж чадаж байна.

-Нийтийн тээврийн асуудал гэхээр яг ямар асуудал байна?

-Манай ажил өглөө 6.00 цагт цугладаг. Самбар дээр бичээстэй байгаа захиалагчдаас ирсэн ажлаас сонгоод, тухайн ажил нь эхлэх цагт ажил дээрээ оччихсон байх ёстой. Эрт ирсэн хүмүүс нь хүссэн ажлаа сонгох боломжтой. Гэтэл манай нийтийн тээвэр өглөө 7.00 гэж ажилдаа гардаг. Энэ бол маш том бэрхшээл болоод байна. Солонгост бол нийтийн тээврийнхэн нь маш эрт ажилдаа гардаг. Гэтэл манайхан “нийтийн тээвэр явахгүй, алхлаа, гүйлээ, аль байдаг эртээрээ ирж байна аа” гээд л 7.30-д ороод ирдэг.

-Тэгэхээр өдрийн ажил хийж байгаа хүмүүсийн ажлын цаг өглөө 6.00 цагаас эхэлдэг гэсэн үг үү?

-Үгүй үгүй. Бид нар хүмүүсээ ажилтай байлгахын тулд өглөө 6.00 цагаас онгойж байгаа. Ажиллах хүмүүс нь өөрсдийнхөө боломжоор өглөө эрт ирээд ажлаа сонгоод, хуваарилалтаа аваад тухайн ажил нь эхлэх цагт ажил дээрээ оччихсон байх ёстой. Тухайн байгууллага хэдээс цугладаг гэдгээс хамаарч ажлын цаг нь өөр, өөр байдаг.

-ГЭРЭЭ ЦЭВЭРЛҮҮЛЬЕ, ОБОЙ НААЛГАЯ ӨДРИЙН ХӨЛСИЙГ НЬ ӨГЬЕ ГЭХ МЭТ ЗАХИАЛГА ӨГДӨГ ХУВЬ ХҮМҮҮС ОЛОН БАЙДАГ-

-Та өнөөдрийн байдлаар нийт хэчнээн ажил олгогчтой хамтарч ажиллаж байна вэ?

-Нийт 72 компанитай хамтарч ажиллаж байгаа. Түүнчлэн заавал компаниуд ч гэлтгүй хувь хүн ч гэсэн өдрөөр ажиллах хүн авах сонирхолтой байна гэж манайд ханддаг. Гэртээ обой наалгая, байшингаа бариулмаар байна, гэрээ цэвэрлүүлмээр байна өдрийн хөлсийг нь өгье гээд хандах тохиолдол ч олон байгаа. Жишээлбэл, манайд “5x6 харьцаатай байшин барих гэсэн юм аа. Хүмүүсээр бариулах гэхээр Мкв яриад их мөнгө яриад байх юм. Танайхаас хүн авч болох уу” гээд бидэнтэй холбогдсон. Би “Та мэргэжлийн хүнээ олчих, тэгээд манайхаас туслах ажилчдаа ав” гэж хэлсэн. Тэгээд өөрөө байшин барьж мэднэ гээд манайхаас туслах ажилчдаа аваад 14-хөн хоногийн дотор маш хямд зардлаар байшингаа бариад дуусгачихсан. Энэ мэт боломжууд маш их байгаа. Мөн Солонгост байгаа хүмүүс бидэнтэй их холбогддог. Би Солонгост ажиллаж байна. Аав ээж маань Монголд хашаа байшинд амьдарч байгаа. Очоод гэрийг нь дулаалаад, газрыг нь хагалаад, засварыг нь хийгээд өгөөч ээ. Би мөнгийг нь шилжүүлье гэж бидэнтэй холбогддог.

-Та маш олон залуучуудтай хамтарч ажиллаж байгаа байх. Манай залуучууд ер нь юун дээрээ анхаармаар байна?

-Нэн түрүүнд шаардлагатай байгаа зүйл нь хөдөлмөрийн соёлд суралцмаар байна. Ямар ч газар очоод ажиллахдаа тухайн байгууллагынхаа дотоод журманд захирагдаад сурчихвал болох гээд байна. Бас 18-20 насны залуучууд маань ажил хийх арга барилд суралцаагүй. Эв дүй муутай байна. Гэхдээ манайд ирээд 5 хоног ажилд гарчхаарай шал өөр болчихдог. Харин 20 гарчихсан өмнө нь хар бор ажил хийж байсан залуучууд бол ажлаар хэзээ ч гологддоггүй.

-Ажил хийхийг хүссэн хүмүүс өмнө нь заавал бүртгүүлэх ёстой юу, эсвэл шууд очоод ажилд гарах боломжтой юу?

-Хөдөлмөрлөхийг хүсээд хүрээд ирвэл шууд ажилд гарах боломжтой.

-АЖЛЫГ ЯЛАРХАЖ БИШ, ХҮСЧ ХИЙНЭ ГЭДЭГ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ-

-Танайд ирж, ажилд зуучлуулж байгаа хүмүүс ажил, цалин хөлсөө голох асуудал гарав уу?

-Тийм асуудал гарахгүй. Бүх зүйл ойлгомжтой, ил тод учраас ажил, ажлын хөлсөө голох асуудал гардаггүй. Харин ч залуус “Маргааш ямар ажил байна” гэж асуудаг. Өдөртөө хийх ёстой ажлаа яс хийгээд, орой нь гар дээрээ хөдөлмөрийн хөлсөө авч байгаа нь залууст ч тэр маш сэтгэл ханамжтай байх шиг санагддаг юм.Ажлын хүнд хөнгөнөөс шалтгаалаад үнэлгээ 30-40 мянган төгрөг. Бид аль болох л энэ дүнг буулгахгүй барих тал дээр л хичээж байгаа. Бидний зорьж ирээд ажлаа хийчхээд хөлсөө авсан залуус сэтгэл хангалуун байдаг. Ажлыг ялархаж биш, хүсч хийнэ гэдэг хөдөлмөрийн үнэ цэнэ шүү дээ.

-Ажиллах хүч авах шаардлагатай байгууллагууд танайхтай яаж холбогдох вэ?

-Яг үнэнийг хэлэхэд бид захиалагч байгууллагуудаа дийлэхээ байлаа. Одоо бидэнд ажиллах хүч хэрэгтэй байна. Ажилгүй, мөнгөгүй гээд гэртээ хэвтэж байгаа хүмүүс манайд хандмаар байна. Манайд ирээд бүх төрлийн ажлыг хийж, ажил болгоныг амталж үзээд, ажлын амт, мөнгөний үнэ цэнэ гэдэг зүйлийг мэдэрмээр байна. Ажил хүнийг голдог болохоос, хүн ажлыг голдоггүй гэдэг шүү дээ.

-Та өглөө болгон хүмүүсээ ажилд гаргадаг. Тэгэхээр тэдэнд хандаж байнга шахуу хэлдэг, амны уншлага болчихсон үг байдаг байх?

-Байлгүй яахав. Миний хамгийн их хэлдэг үг бол “Гэр бүлийнхээ төлөө, өөрийнхөө төлөө хөдөлмөр хамгааллаа сахь. Хүнээс битгий хөдөлмөр хамгаалал нэх. Эрүүл байвал энэнээс илүүг хийж бүтээж чадна” гэж хэлдэг.

-Ажил хийх бүрэн боломжтой гар, хөл нь бүрэн бүтэн ч архины хамааралтай болчихсон. Ажилд орох гэхээр архи уудаг, бичиг баримт байхгүй, баталгаа байхгүй гээд ажил олдоогүй хэсэг бүлэг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийг энэ төрлийн ажилд зуучлах боломж байдаг уу. Танайд ийм төрлийн хүмүүс хандаж байсан уу?

-Тэдгээр хүмүүс үнэхээр ажил хийхийг хүсээд манайд хандвал, ажлын байранд зуучлаад хамтраад ажиллах боломжтой. Манайд архи уудаг, хог түүдэг байсан хүмүүс ханддаг, би цаашаа гэдэггүй хүлээгээд авдаг, цалин дээрээс чинь бага багаар суутгана шүү гэж хэлээд ажлын хувцсаар хангаад ажилд зуучилдаг. Анх ирэхдээ нэг ирээд л хэд хоног алга болчихдог байсан бол одоо өөрчлөгдсөн. Өөрөөр амьдрах боломж байгаа юм байна гэдгийг олоод харчихсан, ажлаа хийгээд явж байгаа хүмүүс байгаа.

-Танайх дүүрэг болгонд салбартай юм шиг байна. Салбарынхаа байршлын мэдээллийг өгөхгүй юу?

-Одоогоор Баянгол дүүрэгт гэхэд Гэмтлийн эмнэлгийн арын автобусны буудал дээр, Мөн нефтийн салбар буюу Орбитод нефтийн автобусны буудал дээр хаан банкны хажууд, 32-ын тойрогт, Депод, цайз 16-д гээд нийт нийт таван салбартай. Удахгүй Баянзүрх дүүрэгт салбараа нээхээр төлөвлөж байгаа. Та бүхэн анзаарсан бол манай салбарууд дандаа автобусны буудал дээр байгаа. Учир нь бид хүмүүстэй аль болох ойртож, чирэгдэлгүй үйлчлэхийг хичээдэг. Мөн би энэ салбарууд дээрээ ажил хийх боломжтой, хүсэлтэй ч хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар ажил хийх боломжгүй болчхоод байгаа хүмүүсийг авч, ажлын байртай болгох хүсэлтэй байгаа. Би салбар болгон дээрээ тийм хүнтэй байхыг хүсч байгаа. Тиймээс би хүмүүсийг бүртгэж, ажилд нь гаргадаг ажил хийж чадна аа. Би ажилламаар байна аа гэж бодож байгаа хүмүүс байвал бидэнтэй холбогдоорой гэж хэлмээр байна.

-Та бүхэнтэй ямар утсаар холбогдох боломжтой вэ?

-Бидэнтэй 99004804 гэх утсаар холбогдож, салбарууд дээр ирж уулзах боломжтой.

- Та компанийнхаа ирээдүйг яаж харж байна вэ. Цаашдын зорилгынхоо тухай?

-Би бол өөрийгөө буяны ажил хийж байна л гэж боддог. Тиймээс ирээдүйд өөрийгөө маш олон хүүхэдтэй хүн шиг л болох болов уу гэж төсөөлж байна. Хэрэв төр засаг, хууль хяналтын байгууллага маань ирэгдийг хөдөлмөрийн соёлтой, хөдөлмөрийн эрх чөлөөтэй болгох зорилготой энэ ажлыг маань дэмжээд, хамтарч ажиллаад өгвөл ирээдүйд ид хийж бүтээх насан дээрээ байгаа залуус гадаад руу гарахыг бус Монголдоо ажиллахыг хүсдэг болох боломжтой болно гэдэгт итгэлтэй байна.

Т.Гэрэл

 

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Caaknews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл:   5

Шинэ мэдээ

2018-10-1 01:442018-10-1 01:392018-10-1 01:342018-10-1 01:282018-10-1 01:262016-6-23 06:132016-6-23 02:472016-6-23 01:312016-6-23 01:032016-6-22 06:292016-6-22 01:032016-6-22 00:472016-6-21 08:362016-6-21 08:252016-6-21 07:442016-6-21 07:032016-6-21 06:502016-6-21 05:142016-6-21 00:422016-6-20 05:262016-6-19 04:222016-6-17 00:052016-6-16 10:092016-6-16 07:392016-6-16 07:052016-6-16 06:372016-6-16 05:122016-6-16 02:102016-6-16 01:362016-6-15 05:382016-6-15 01:552016-6-15 01:232016-6-15 01:162016-6-15 00:482016-6-14 06:512016-6-14 06:312016-6-14 04:332016-6-14 04:192016-6-14 00:152016-6-14 00:012016-6-13 07:032016-6-13 07:002016-6-13 02:592016-6-13 02:542016-6-13 02:162016-6-13 00:342016-6-13 00:122016-6-12 10:092016-6-12 09:402016-6-12 09:372016-6-11 02:322016-6-11 01:012016-6-11 00:172016-6-10 23:582016-6-10 23:442016-6-10 15:512016-6-10 12:062016-6-10 01:192016-6-10 01:192016-6-9 09:362016-6-9 09:272016-6-9 09:212016-6-9 09:172016-6-9 09:132016-6-9 09:082016-6-9 08:572016-6-9 08:442016-6-9 08:352016-6-9 08:132016-6-9 08:072016-6-9 07:532016-6-9 07:492016-6-9 07:432016-6-9 07:382016-6-9 07:332016-6-9 07:182016-6-9 07:112016-6-9 06:432016-6-9 06:332016-6-9 06:322016-6-9 06:202016-6-9 06:102016-6-9 06:042016-6-9 05:572016-6-9 05:512016-6-9 05:332016-6-9 05:332016-6-9 05:292016-6-9 05:242016-6-9 05:232016-6-9 05:212016-6-9 05:212016-6-9 05:162016-6-9 05:132016-6-9 05:132016-6-9 05:122016-6-9 05:112016-6-9 05:102016-6-9 05:102016-6-9 05:08