Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно

5-р сарын 1 - 10 цаг 00 минут
Удтал нам гүм байсан Х.Баттулгатай ярилцлаа. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш, олимпоос хойш хэвлэл мэдээллээр тодорхой тоймтой юу ч ярьсангүй. Харин хөндлөнгийн олон эх сурвалж түүнийг шүүж, шүүмжилж, дүгнэж цэгнэсээр удлаа.
 
-Та 2016 оны Риогийн Олимпоос хойш чимээгүй байлаа. Олон үйл явдал болж өнгөрлөө. Гэтэл та таг чиг. Олон нийт таныг үгүйлж, бас гайхаж байна. Монголын жүдочид нилээд хэдэн медаль авчих байх гэсэн хүлээлт монголчууд бидэнд байсан. Хараад байхад илүү атлаа л ялагдаад байсан?
 
 
- За даа, ер нь спортод бэлтгэл сургуулилт, тамирчны хувийн өгөгдөл энэ тэрээс гадна аз хийморь, ёндоогоор шийдэгдэх мөч түгээмэл байдаг  юм.  Морь, бөх бол дандаа ёндоогоор л явдаг. Тэр өдрийн тэнгэр мэдэх л хэрэг зөндөө. 2008 оны Бээжингийн, 2012 оны Лондонгийн олимпоор гэхэд медалийн төлөө барилдах тамирчдаа тулаанд гарахынх нь өмнө дотно ярилцах, хурцлах, аз хийморийг нь дуудах, сэрээдэг байсан. Бээжинд Н.Түвшинбаяртай -100 кг-д, Лондонд С.Ням-очиртой 73 кг-д шийдвэрлэх тулааны өмнө нүүр тулан ярилцаж хувь хүний шинж чанар, онцлогт тохирсон хатгаас, сэтгэлийн дэм өгч байсан. 2016 оны олимпын үеэр бүгд нэг л хачин, сэтгэл зүйн дарамттай, хийморь золбоо муутайхан байсан. Олимпийн өмнөхөн намайг шоронд хийх гэж Монгол төрийн маань цагдаа нь улайрч дайраад, оффисийг сүр бадрааж бүслээд, сонин хэвлэлээр тасралтгүй гүтгээд, балбаад байхаар миний болон жүдочдын сэтгэл санаа яаж өөдтэй байх вэ дээ. Намайг гэмт хэрэгтэн гэж харуулахаар дайрч, түүндээ жүдогийн тамирчдыг давхар ялласан нь сэтгэл зүйд нь маш сөрөг нөлөөлсөн. Бад орсон гэж ярьдаг даа манайхан… Чи боддоо, наадмын өмнөх өдөр барилдах бөх, уралдах мориныхоо толгой руу нь ташуурдаад цохиод байвал яах вэ? Манай жүдочид чадвараар хэнээс ч дутахгүй дэлхийн тамирчид. Дэлхий даяараа айж байсан. Би барилдаан болгоны өмнө медаль авах тамирчидтайгаа хоёулхнаа нүд нүдээ хараад ярьдаг. Би хүүхдүүдээ эцэг эхээс нь илүү мэднэ. Сумъяатай ингэж ярина, тэрэнтэй ингэж ярина гээд тус тусад нь төлөвлөсөн байсан.  
 
-Сонирхолтой санагдчихлаа. Та тэгвэл Түвшинбаяр аваргад, Ням-Очир гавьяатад олимпын медалийн өмнө юу хэлсэн юм бэ? 
 
-Лондонгийн олимпод Ням-Очирыг медалийн төлөө барилдахад миний хэлж байсан үг байдаг. “Чи наад нөхрөө хар. /Голландын тамирчин Декс Эльмонт байсан/ Одоо ялахгүй бол чиний үеэл ах Нямхүүг 81 кг-ийн жинд наадахын чинь төрсөн ах Гийом Эльмонт Бээжингийн олимпод эхний тойрогт торгуулиар шүүгчтэй нийлж ялаад Нямхүү медаль авч чадаагүй шүү. 2010 оны Токиогийн ДАШТ-д чамайг сайн байхад дэлхийн аварга болчихож магадгүй үед чиний гарыг хугалсан “хар нөхөр” наадах чинь шүү. Энэ “харуудад” чи удмаараа /аавынх нэрийг хэлээд/ дарамтлуулсаар дуусах уу” гэж  хүрэл медалийн төлөө гарч барилдахад нь хэлсэн.  Ням-Очир энүүгээр цэнэглэгдэж барилдсан. Түвшинбаяр аваргад “Чи насаараа айлын өрөөнд амьдрах юм уу? Таван минутаар тав барилдана. Хорин таван минутад  чи бүх амьдралаа өөрчилнө” гэж хэлэх жижүүрийн үгсээс хамаагүй өөр шүү. Тэгэхэд өнгөрсөн оны олимпын үеэр  надад тэгж ярих сэтгэлийн урам зориг, тэнхээ  үнэндээ байгаагүй. “Би Монголынхоо  төлөө зүтгээд байхад Монголын төр намайг ингэх ч гэж дээ” гэсэн бодол салахгүй байсан. Тамирчдаа битгий хэл өөрийгөө сэргээх сэтгэлийн гал алга болсон үе таарсан. “Сайн барилдаарай” гэхээс хэтрээгүй. “Жижүүрийн үг”. “Жижүүрийн үгнээс илүү хүнтэй нүд нүдээ хараад бодож явдаг асуудлыг нь сэргээгээд ярихад өөр байдаг. Олимпод оролцохоор эх орнынхоо төлөө явах гэж байж прокуророос хилийн хориг түр цуцлах зөвшөөрөл авч байж явж байгаа юм даа, хулгайч шиг. 
 
-Тэгээд та 2016 оны олимпоор юу ч хийж чадаагүй юм уу? 
 
Хамгийн ойрын хүн нь би хүч өгч, тамирчдадаа сэтгэлд нь гал асааж чадахгүй болчихоор аргаа барахдаа дотно хүмүүсийнх нь зардлыг хувиасаа гаргаад хамт явуулсан. 57 кг-ын жингийн Сумьяагийн  найз залуу, 66 кг-ын Төмөрхүлэгийн ээж, 48 кг-ын Урнаагийн нөхөр гэх мэт медаль авах боломжтой тамирчдынхаа хувьд надад үүнээс өөр хийж чадах юм байгаагүй.  Гэхдээ ч манай тамирчид бас ч хийморьтой медалийн буухиаг тасалсангүй. Сумъяа маань алтын дайтай мөнгөн медаль авсан шүү дээ. Яаж луйвардуулсныг бүгд харсан болохоор би нуршаад яахав. Н.Түвшинбаярын ялагдал шүүгчийн буруугаас болсон гэдгийг бүр сүүлд л тогтоолоо. Пара жүдоч Болормаагийн Ууганхүү 60 кг-ын жинд олимпоос анхны хүрэл медаль авлаа. Манай Х.Цагаанбаатар Монголын пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм. Анхны медалиа авчихлаа. Паралимпээс пауэрлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ байна. Пауэрлифтингийн спортыг монголд хөгжүүлж, дэлгэрүүлэхэд би анхнаас нь оролцсон, холбооных нь анхны Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч нь юм. Одоо ч бид хамт бэлтгэл хийдэг.  Мөн 48кг-ийн жинд Риогоос хүрэл медаль авсан Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдсан хэдий ч манайд л бэлтгэл хийдэг, манай л хүн. Одоо ч бэлтгэлээ хамт хийж байна. Надтай хамааралтай 4 медаль авсан байгаа биз. 
 
- Та хэдэн жил Жүдогийн холбоог удирдаад хэдий хэмжээний мөнгө зарцуулав?
 
- 2006 оноос хойш гэдэг чинь... 11 жил болж байгаа юм байна. Энэ хооронд  20 гаруй тэрбум төгрөг хувь эзэмшдэг компаниудаасаа авч зарцуулсан.  
 
- Энэ хэнд хэрэгтэй юм. Танд буцаад нэг ч төгрөгийн ашиг өгөхгүй биз дээ?
 
- Мөнгөн ашиг мэдээж байхгүй. Цэвэр зардал. Жүдочид маань мөнгөнөөс үнэтэй эрх ашиг - тусгаар Монгол Улсын нэрийг дэлхийд зарлаж, соёмбот тугаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж байгаа нь л бидэнд сайхан даа. Жүдочдоос өөр ямар хүмүүс ингэж чадаж байгаа юм бэ. Сая олимпын дараа би ажлаа өгөх гэсэн жүдочид маань Жүдогийн холбооны Ерөнхийлөгчөөр улираан сонгосон. 
 
- Тан руу том том мөнгөний тоо дурдаад л баахан дайрсан. Тэр хэргүүд юу болж байдаг юм бол?
 
- Цэвэр гүтгэлэг юм чинь юу болж дуусах нь тодорхой биз дээ. Намайг өнгөрсөн хугацаанд ганцхан удаа 30 минут орчим байцаасан. Сайд байхдаа хийж байсан хамаг хөгжлийн хөтөлбөр, төслүүдийн ТЭЗҮ, бодлогын бичиг баримтуудыг яамдуудаас учир битүүлэг байдлаар хураагаад авчихсан. Хөгжлийн хөтөлбөр дотроос хэрэгт унагачих юм юу олдох вэ дээ? Үнэндээ бол би төрийн том төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах зардлыг хувиасаа гаргаад явж байсан, 20-иод тэрбумыг гаргасан нь харин энэ хэрэг явдлаар тодорхой болсон ш дээ. Байцаагч нар нь харин учиртай, юм ойлгодог хүмүүс шиг санагдсан шүү. Яг үнэндээ бол намайг хэрэгтэн болгох гэсэн явуулгын цаана Чингис гэдэг цагдаагийн дарга л байсан юм билээ. Тэр дарга урд хөршөөс ашиг орлогын хамааралтай бизнес бүлэглэлийн нөлөөнд орсон. Тэгээд тэдний даалгавраар, тэдний ашиг орлогод саад учруулсан хүмүүсийг онилж, УИХ-д оруулахгүй байх зохион байгуулалттай ажил хийсэн юм билээ. Энэ их ноцтой асуудал шүү. Дээшээ болохоор худлаа хэрэг зохиож яриад, сүр бадруулж байгаад баривчлах, нэгжих зөвшөөрөл авахаар оролдсон байдаг юм. Хожим нь эрх мэдлээ хэтрүүлж УИХ-ын гишүүд, сайд нарыг тагнаж байсан нь илэрсний улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгийг цагдаагийн дотоод эх сурвалж хэлж байгаа. Надад нэг хардлага бий. Р.Чингис хөгжлийн бодлогын бичиг баримтуудыг яах гэж авав. Ц.Нямдоржийн тагнуулын хэрэг энэний хажууд жолдох ч цаг ирэх байх шүү. Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох бичиг баримт хэнд хэрэгтэй байх вэ? Тэнд УИХ, Засгийн газрын нууцын зэрэглэлтэй тогтоол, шийдвэрүүд, маш олон том төслийн ТЭЗҮ, газар, ус хөрсний гэх мэт асар олон судалгаанууд байгаа. 
 
- Монголын цагдаа улсынхаа эсрэг ажиллаад явж байгаа гэж хардаад байгаа юм уу? 
 
-Р.Чингисийг “сумлаж” байсан цаад бизнес бүлэглэл нь өс авах, урдаас орлого хамахад нь саад болох хүнгүй болох зорилгоор сонгуулийг ч будлиантуулсан. Ардчилсан нам сонгуульд муу оролцсон гэхэд 65 суудал МАН авах ямар ч нөхцөл байгаагүй. Сонгууль болоогүй луйвар болсон. Магадгүй МАН-ынхан өөрсдөө ч мэдээгүй өнгөрсөн байх. 
 
-Та чинь царцаанд ялагдчихсан гээ биз? 
 
-Царцаа зөөх энэ тэр бол жижигхэн шүү! Цахим аргаар санал луйвардсан гэхээр шинж тэмдэг илэрсэн. Би ялагдчихаад гоншигонож байгаа юм биш, их сонин баримт дэлгэе. Хуучин Иргэний бүртгэлийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга байсан Б.Чинбат, Иргэний бүртгэлийн мэдээллийн технологийн хэлтэст инженер байсан О.Чинзориг, сонгуулийн үеэр санал авах автомат машины тохиргоог хийж байсан Б.Билэгдэмбэрэл гэж албан тушаалтнууд Ардчилсан намын үед эдгээр ажилдаа томилогдон орсон. МАН засгийн эрх аваад бүх хүнийг халж, сольж байхад энэ гурван хүн л тушаал дэвшиж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга болсон гэх мэдээлэл надад ирсэн. Шалгах ёстой. Ардчилсан нам зөвхөн Завхан аймагт бүтэн ялалт байгуулсныг санаж байна уу? СЕХ-нд дээгүүр алба хашдаг нэг нөхөр болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гэж Завханы гаралтай хүн бий. Эд нар дээр дурдсан нөхдийн үйл ажиллагааг өөрийн аймагт ямар нэг хэмжээгээр хазаарлаж чадсан учраас Завхан аймагт цахим луйвар хэрэгжээгүй, яг сонгууль болсон гэх сэжүүр бий. Шалгаж, мухарлах ёстой. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авсан хэргийн шинж тэмдэг шүү! Р.Чингис болоод бусад эрх мэдэл, албан тушаалтай байсан хүмүүсийг энэ асуудлаар шалгах зайлшгүй шаардлага бий. 
 
-Та түрүүнд хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэп хувиасаа мөнгө зарцуулсан гээд яриад байна. 20 тэрбум хувиасаа гэж үү? 
 
-За ганц хоёрхоон жишээ хэлье. Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны замын зураг төсөл, урьдчилсан судалгаанд 500 мянган ам доллар, Германы Thussen Group-д хүрэн нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ хийлгэхэд 4 сая евро. Цаашилбал Сайншанд, Шинэ сум гээд хийгдсэн олон төсөл хөтөлбөрт ажлаа явуулахын тулд мөнгө зарцуулахаас өөр арга байхгүй. Харин цагдаагийнхан надаас хүрэн нүүрснээс шингэн түлж гаргах төслийн урьдчилсан ТЭЗҮ-г төрд хэдээр шахсан бэ гэж байцаасан. Би үнэгүй өгсөн, стратегийн бодлогоороо төрд байх ёстой салбар юм байна аа гээд л.  Гайхаад л байна лээ. 
 
-Нээрээ таны идсэн гэж цагдаагаас зарлаад байсан мөнгөний тоо өөр өөр болоод л багасаад байсан. Хэд гэлээ сүүлд, бүүр инээдтэй тоо дуулдсан? 
 
-Цагдаагийнхан эхлээд маш том тоо хэлж олныг цочирдуулдаг. 400 сая доллар идсэн нь нотлогдлоо, ийм тийм данс руу шилжүүлсэн гээд л … тэгээд цааш тоо нь хэлэх бүрд нь багассаар 20 сая доллар ч боллуу. Инээдтэй. Эхлээд баттай тогтоочихоод, дараа нь зарлаж байхгүй бол цагдаагийн нэр хүнд улам уналаа ш дээ. Ё.Отгонбаярын эхнэрийн идсэн уусан мөнгө гээд баахан том тоо зарлаж байгаад дараа нь хэрэгсэхгүй болоод л дууссан. Мөрдөн байцаалтын нууц гээд сүржигнээд байх хирнээ өөрсдөө зарлаад, улс төрийн зорилгоор батлагдаагүй мэдээллээр олон нийтийг үймүүлдэг ийм жишиг цагдаад бүр тогтчихлоо. Яаралтай хууль, журмандаа орохгүй бол цагдаад итгэхээ больж байна. Би зөндөө юм ярьмаар байгаа ч өнөөх мөрдөн байцаалтын нууц гэж юманд захирагдахгүй бол болохгүй. Гэтэл цагдаагийнхан мөрдөн байцаалтын нууц яриад байдаг атлаа байсхийгээд л гарч ирээд хэвлэлийн хурал хийлгээд чинээ гайхаад байгаа өөр өөр болоод байгаа тэр тоонуудыг ярьж гарна. 
 
-Та хувиасаа мөнгө гаргасан гэх, цагдаа таныг идэж уусан гээд хардаж шалгаад. Юу ч гэж ойлгох юм бэ дээ? 
 
-Би энэ асуудлаас чинь болж ойр дотны хүмүүстэйгээ хүртэл ам зөрдөг. Аж ахуй эрхэлж байгаа хүмүүс аргагүй, би өөрөө тэр ажлыг хийж байсан болохоор аж ахуй удирдах, татвар төлөх, олон хүн ажиллуулах гээд  ямар хэцүү байдгийг мэднэ. Би сайд болсноороо тэр бизнест нь үргэлж түвэг тээг болж ирсэн, тэгсэн мөртлөө авдаг, улсын юманд зарцуулдаг. Ер нь ганц ч удаа тендэр авч үзээгүй зарчим ярьдаг л байсан. 
 
- Нүүрсний замыг гацаасан, Тавантолгойг гацаасан гэх буруутгалыг танд тохдог. Энэ үнэн үү? 
 
- Гацаасан гэдэг дээр бол сүүлийнх нь үнэн байх. Тавантолгойг монголчууд ашиглаж чадна, монголчуудад ашгаа өгөх байдлаар л ашиглах ёстой гэдэг үүднээс бизнес бүлэглэл гартаа оруулах гэж байсныг таслан зогсоосон нь бол үнэн. Үүн дээр УИХ-ын дарга асан З.Энхболд, түүний зөвлөх А.Гансүх, гишүүн Л.Эрдэнэчимэг нар түүхэн гавьяа байгуулсан шүү. Одоогийн УИХ бидний зөв байсныг нотлож, монголчууд өөрсдөө ашиглах шийд гаргасан. Нүүрс бол монголчуудын чадах ажил. Ямар ч нарийн мэдлэг, технологи хэрэггүй. Хутгаад зөөхөд л болох эд. Төмөр замын тухайд бол харин би биш тэд гацаасан шүү дээ. Анх Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж байхад Батлан хамгаалах яам, Тагнуулын Ерөнхий газар, цагдаагийн холбогдох албад, стратегийн судалгааны мэргэжилтнүүд, ҮАБЗ-ийн зөвлөмж бүгд өргөн төмөр зам тавих ёстой гэж анхааруулж, янз бүрийн илтгэл, мэдээлэл үзүүлж байсан. Нэгэнт УИХ баталсан учраас хариуцсан сайд тэр шийдвэрийн дагуу ажиллах ёстой биз дээ. Би ганцаараа л өргөн төмөр зам барих гээд гөжөөд байсан юм шиг сурталчилгаа их явсан. Би ганцаараа гөжөөд байсан юм биш, 76 чинь олонхиороо баталсан ш дээ. Төрийн сайд хүн өөрийн хувийн үзэмжээр том төслийг хийнэ гэж байх уу? УИХ, Засгийн газрын чиглэл, шийдвэрийн дагуу л ажиллана. Төмөр замын бодлого яг одоогийн үүсэх нөхцлийг урьдчилан харж, хийгдсэн чухал баримт бичиг юм. Олон зах зээл рүү гарахгүй бол, нэг зах зээлээс хамааралтай байх юм бол үнийн цаламд орно гэдгийг бүр тэр үед л анхааруулж байсан. 
 
-Нүүрсээ хямд зарж байгаа нь танаас болсон л гээд байгаа шд? 
 
-Одоо дэлхийн зах зээл дээр нүүрс тонн нь 300 доллар болчихоод байхад бид 50 доллараар өгч байна гээд харуусаад, намайг буруутгаад байгаа хүмүүс гол байгаа олохгүй байна. Нүүрсчин бүлгээ л буруутга. Нэг зах зээлээс хамааралтай болгож, тэдний тулгасан үнээр зарахаас өөр сонголтгүй болгосондоо тэд өөрсдөө л буруутай. Төр гаргасан, батласан бодлогоо хэрэгжүүлчихсэн бол өнөөдөр дэлхийн зах зээлийн үнэ яриад сууж байх боломжтой байхсан. Мухар зам барихад нөлөөлсөн хүн нь тухайн үеийн МАН-ын дарга асан Сү.Батболд. 
 
- Таныг намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байна гэж шуугих юм. Гэтэл та чимээгүй суугаад байдаг?  
 
- Харин тийм байна лээ. Нэр дэвшээсэй гэсэн хүлээлт ч байх шиг байна. Би нэрээ дэвшүүлэх саналаа одоогийн намынхаа удирдлагуудад албан ёсоор илэрхийлнэ. Намынхаа гишүүдээр шийдүүлнэ.
 
- Та Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ юуг зорих, юуг баримтлах юм бэ? 
 
- Ерөнхийлөгчийн сонгууль эхлээгүй тул Ерөнхийлөгч болвол юу хийх тухай ярих эрт байна.  Намаасаа нэр дэвших эрх авах гэж нэрээ дэвшүүлж байгаа тухайд хоёулаа ярьж байгаа гэж ойлгож байна. Миний хувьд намын гишүүдийнхээ итгэлийг авахын төлөө явна. Би эртнээс нэг ажил төлөвлөөд эхлүүлсэн. Үндэсний эрх чөлөөний болон Ардын хувьсгалын партизанууд, дайнд оролцсон ахмад дайчдад төрөөс орон сууц олгох тухай Ерөнхийлөгч Н.Энхбаярын 170 дугаартай зарлиг 2008 оны 06 дугаар сарын 06-нд гарсан байдаг юм. Үүнтэй адил Ардчилсан хувьсгалын анхдагчид болох МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны партизанууд, ардчиллын таван намыг үүсгэн байгуулагчдад орон сууц олгох тогтоолын төслийг би санаачилж хоёр ч удаа өргөн барьсан. Сүүлийнх нь 2014 онд. УИХ-аар хэлэлцэхгүй хойшлуулсаар өдий хүрсэн. Үүнийг ажил хэрэг болох ёстой л гэж үздэг. Монгол Улс өнгөрсөн зуунд хоёр хувьсгал хийсэн. Нэгэнд нь оролцсонд нь байр өгөөд, хүний эрх, эрх чөлөөг авчирсанд нь өгдөггүй ялгаварлал байж болохгүй биз дээ. 
 
-Ардчилсан намын гишүүдэд хандаж ярьж байгаа гэж та хэллээ. Намын чинь сонгууль, сунгаа үргэлжилсээр л байна даа? 
 
-Хоёрт намын нийт гишүүдэд хандах боломж олдож байгаа дээр тэдний урмыг сэргээмээр байна. Намын харьяалал гэдэг шалтгаанаар маш олон хүн, мэргэшсэн төрийн албан хаагч нар өнгөрсөн сонгуулийн дараа ажлаасаа халагдсан. Энэ хууль бусаар хоморголон халсан үйл ажиллагааг учрыг нь олж, байх ёстой байранд нь буцааж тавих ёстой. Нөгөө талаар би намын гишүүд төдийгүй нийт иргэддээ нэг зүйлийг сэрэмжлүүлмээр байгаа юм. 1990 онд бид хойд хөршийн хяналтаас гарах гэж, дагуул улс байхаа болих гэж Ардчилсан хувьсгал хийсэн. Гэтэл өнөөдөр урд хөршийн өр зээл, эдийн засгийн хараат байдалд орж, дагуул болон хувирч байгаа шинж тэмдэг илтэд илрэх боллоо. Бид дэлхийтэй харьцдаггүй болоод удаж байна, Хятадтай л харьцдаг. 
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Ж.ЦЭСЭН 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.