Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь

5-р сарын 1 - 10 цаг 32 минут

УИХ-ын хаврын чуулганы эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асууд­лаар Зөвлөлдөх санал асуулга явуулах шийд­вэр гаргаж, УИХ-ын тогтоол батал­сан билээ. Улмаар Үндэсний ста­тис­ти­кийн байгууллагын санамсаргүй ар­гаар түүвэрлэсэн 1570 иргэн ажлын хэс­гийн боловсруулсан зургаан сэдвийн хү­рээнд санал өгөх ажил энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн юм.

Эдгээр ир­гэ­дээс 750 иргэнийг сонгон авч үндсэн зур­гаан сэдвийн хүрээний 13 асуудлаар хэлэл­цүү­лэг мэтгэлцээн өрнүүлэх үйл ажиллагаа өн­гө­рөгч амралтын өдрүүдэд Төрийн ор­донд боллоо. Анхдугаар зөв­лөл­дөх уул­зал­тын үйл ажиллагаанд түүв­рийн ар­гаар сонгогдсон иргэдээс гадна, Үндсэн хуу­лийг батлалцаж явсан Ардын их хурлын депу­та­тууд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энх­болд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнх­бат, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Үндсэн хуулийг өөрчлөх аж­лын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон УИХ-ын гишүүд, мэргэжлийн экс­пер­түүд, УИХ дахь намын бүлгийн дар­га нар болон парламентад суудал­гүй улс төрийн намуудын дарга нар оролцлоо.

Мөн энэхүү түүхэн уулзалтыг гадаад, дотоодын 60 гаруй ажиглагч ажиглав. Зөвлөлдөх уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламент, эсвэл санал санаачилга гаргасан хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа миний бие УИХ-ын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон.

Нэмэлт, өөрчлөлтийг урьдын адил нийт ард түмнийхээ санал бодол, хүсэл зоригт тулгуурлан, тэднээсээ асууж, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ил тод байдал, зөвлөлдөх ардчиллын зарчмыг бүрэн хэрэгжүүлж хийх учиртай гэж үзэж байна” хэмээсэн юм. 2000 оноос хойш УИХ-ын нэр бүхий гишүүд найман удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байдаг аж. Мөн МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсэг судалгаа хийж үзэхэд хамрагдсан иргэдийн олонхи нь шинэ зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тухайлбал, Монгол Улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдал, хоорондын уялдаа холбоо бүрэн хангагдаагүй гэж 96.7 хувь нь, УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж 73.1 хувь нь, Засгийн газрын гишүүн нэг зэрэг УИХ-ын гишүүн байх нь буруу гэж 51.5 хувь нь үзжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг байх нь зөв гэж 57.3 хувь нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг ямар нэгэн хэмжээгээр өөрчлөх нийгмийн шаардлага бий болсон гэж 79.3 хувь нь саналаа илэрхийлжээ.
 

Зөвлөлдөх санал асуулгад дээд боловсролгүй 19 иргэн оролцжээ



 

Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн зөвлөлдөх санал асуулга олон нийтийн эсэргүүцэлтэй багагүй тулгарч байлаа. Үндсэн хуульд нэг нам дангаар үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн үед гар хүрч болохгүй хэмээн үзэх нэгэн байхад 1992 онд нийгмийн хамгийн сэхээтэнлэг, боловсролтой иргэдийн оролцож баталсан хуулийг энэ удаад боловсролгүй иргэдээр хэлэлцүүлж байгаа нь буруу гэж үзэх хүмүүс ч олон байсан.

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатанд математик-статистикийн аргаар санамсаргүй байдлаар түүвэрлэж 1570 иргэнийг сонгосон гэдгийг дээр мэдээлсэн. Үүнээс 1515 иргэн албан ёсоор оролцсон бөгөөд 657 эрэгтэй, 858 эмэгтэй сонгогджээ. Харин хоёрдугаар шатанд 359 эрэгтэй, 426 эмэгтэйг сонгож авсан байна.

Нэгдүгээр шатны санал асуулгад оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн 91 настай Г.Даваа гуай байсан бол хоёр дахь шатанд сонгогдсон хүмүүсийн хамгийн ахмад нь 85 настай Сонгинохайрхан дүүргийн харьяат Д.Долгорсүрэн гэх эмэгтэй байсан аж. Хоёр шатны санал асуулгын хамгийн залуу хүмүүс нь 18 настай бол хоёр дахь шатанд 18 настай дөрвөн оролцогч оролцож байгаа сонирхолтой тоон мэдээг зохион байгуулагчид өглөө. Мөн огт боловсролгүй 19 иргэн түүврийн аргаар сонгогджээ.
 

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ

 

Зөвлөлдөх санал асуулгад оролцож буй 700 гаруй иргэнийг 15 хүнтэй 49 бүлэгт хувааж, үндсэн зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хуралдааны эхний өдөр “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ сэдвийн хүрээнд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, томилох, чөлөөлөх эрх мэдэлтэй байх, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаар тогтоох, Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоох буюу яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед шинжээчид иргэдийн асуултад хариулт өгөв. Нэгдүгээр сэдвийн шинжээчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, доктор Ч.Энхболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар оролцлоо. Иргэд шинжээчдээс Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх нь ямар эерэг талтай, нөгөө талаар эрх мэдлийн давуу байдал сөрөг үр дагавар учруулах эсэхийг тодрууллаа. Энэ асуултад УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бие даан бүрдүүлбэл хариуцлага нь сайжирдаг. Учир бүх хариуцлага өөрийн толгой дээр байгаа учраас Засгийн газрын гишүүнээр мэргэжлийн хүнийг томилно” гэсэн хариулт өглөө.

Харин яамдын тоог Үндсэн хуульд тусгах талаар шинжээчид “ийм өөрчлөлтийг хийвэл сонгуулийн дараа яамдыг нэгтгэх, татан буулгах асуудал гарахгүй, улмаар бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг бужигнуулж, төрийн албан хаагчдыг олноор нь халж, солих үзэгдлийг хаахад ач холбогдолтой” гэсэн тайлбар өглөө. Нэгдүгээр сэдвийн дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой болгох, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн хоёр, дөрөвдүгээр сэдвээр танилцуулга хийж, улмаар 49 хэсэг эдгээр сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаар сонгодог болох, ард түмнээс бус өргөтгөсөн хуралдаанаар сонгодог болох.

Нөгөө талаар нэг удаа сонгогдохыг зөвхөн нэг удаа хэмээн өөрчлөх. Өргөтгөсөн хуралдаанд УИХ-ын гишүүдээс гадна аймаг, нийслэл, хотын ИТХ-ын нийт гишүүд орно хэмээжээ. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах тухай заалтыг хэлэлцэв. Иргэд ард түмний эрх мэдлийг булааж байна хэмээн эсэргүүцэж харин ч Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай санал гаргаж байлаа. Харин ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнх­батын хэлэлцүүлсэн дөрөв­дү­гээр хэсэгт Үндсэн хуульд баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох асуудлыг тусгах юм. Дээрх сэдвийн хүрээнд мөн л эерэг, сөрөг шүүмжлэл өрнөснөөр энэ өдрийн хэлэлцүүлэг өндөрлөв.
 

Их, бага танхимтай байх нь зөв, буруу

 

Зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө буюу өчигдөр Төрийн ордны Их танхимд үргэлжилж үлдсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэл­цүүлгийн гуравдахь сэдэв нь “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” тухай. Энэ сэдвийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан.

Гурав дахь сэдвийн хүрээнд, төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох, Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх болон төрийн алба улс төрөөс ангид байна гэж өөрчилжээ. Түүнчлэн, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалтыг Үндсэн хуульд нэмж оруулахаар болжээ. Харин Ж.Батзандан гишүүний танилцуулсан тавдугаар сэдэв нь “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” тухай байсан юм.

Энэ хүрээнд Үндсэн хуульд Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн гурван саналыг тусгажээ. Энэ өдөр хэлэлцсэн гурван сэдвийн хамгийн сонирхолтой нь дээд, доод танхимтай болох тухай асуудал байв. Ж.Мөнхбат дарга энэ сэдвийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр танилцуулга хийлээ. Манайх шиг улс төрийн тогтолцоотой 45 улс орон байдгаас 15 хоёр танхимтай парламент бүрдүүлжээ.

Харин парламентын хоёр танхимыг бүрдүүлэхдээ дээд танхимыг томилгоо, сонгууль, томилгоо болон сонгуулийн хосолмол хэлбэрээр бүрдүүлдэг байх, харин доод танхимыг ард түмний төлөөлөл болж, бүх нийтийн чөлөөтэй, шууд сонгуулиар бүрддэг байхаар санал боловсруулсан аж. Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ санал тусвал Улсын бага хурлын гишүүнийг 51, Ардын их хурлыг 501 төлөөлөгчтэй байхаар зохицуулалт хийх гэнэ. Энэ сэдвийн хүрээнд танхимд чамгүй халуухан маргаан өрнөв.

Тухайлбал, “Монгол Улсын гавьяат хуульч, Академич Ж.Амарсанаа хоёр танхимтай болно гэвэл Үндсэн хуулийн 70 зүйл, 99 хэсгийн 50 гаруй зүйл нь өөрчлөгдөнө. Шинэ Үндсэн хууль батлагдахад хүрнэ. Өмнө нь дөрвөн удаа хэлэлцүүлэхэд нэг танхимтай байна гээд тогтчихсон. Амьдралын 20 гаруй жил явж ирсэн хэвшлийг одоо өөрчлөнө гэвэл боломжгүй. Яагаад ийм асуудал ороод ирчихсэн нь сонин байна” хэмээн бухимдав.
 

“Эцэг” хуулийн өөрчлөлтийн талаар хэн юу хэлэв

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болон иргэд, мөн Ардын их хурлын депутатууд, парла­ментад суудалтай болон суу­дал­гүй намын дарга, УИХ-ын ги­шүүд Үндсэн хуульд оруулах өөрч­лөл­тийн асуудлаар байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
 

Ц.Сарантуяа: Хэлэлцүүлэг хийгээд л Үндсэн хуулийг өөрчлөх юм биш

/МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан/


 

-Иргэдийн оролцоог хангахын хувьд өргөн боломж олгосон юм байна гэж харлаа. Энд нийгмийн бүх давхаргын төлөөлөл иржээ. Харагдахуйц хөгжлийн бэрхшээлтэй, дөнгөж хүүхэд төрүүлээд удаагүй бүсгүйчүүд, бичиг үсэг сайн мэдэхгүй иргэд, оюутнууд, малчид байна. Тиймээс оролцоог сайн хангаж чадсан гэж хэлэхээр байна.

Бичиг үсэг сайн мэдэхгүй хүмүүст нэг хэсэгт орсон бусад хүмүүс нь хэлж өгч, тусалж байна. УИХ-ын Тамгын газар зохион байгуулалтыг нарийн хийж байна. Бүх ажил хөтөлбөрт заасан цаг, хугацааны дарааллаар явагдаж буй учир хоёр өдрийн дотор төлөвлөсөн бүх ажил бүрэн дуусах бололцоотой нь харагдлаа.

Нэгдсэн тайланг санал асуулгын үр дүнд тулгуурлан боловсруулаад, УИХ-аас тогтоосон хугацаа буюу тавдугаар сарын 06 гэхэд зөвлөмж гаргаж, УИХ-д өргөн барина. Зөвлөмжийг үндэслээд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад явах учиртай. Энэ бүхний үр дүнг Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл түүвэр аргаар хийсэн судалгааны үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үр дүн гарах боломжтой
 

М.Оюунчимэг: УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхар хаших хэрэггүй

/УИХ-ын гишүүн/


 

-Энэхүү санал асуулгад иргэдийн идэвх үнэхээр их байна. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалтыг давхар хаших ёсгүй. УИХ-ын гишүүн хууль тогтоох, сонгогчидтой уулзах, хууль нь хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавих ажилтай байдаг. Харин Засгийн газрын гишүүн бүхэл бүтэн яам удирдаад явдаг тул ажил цалгардах сөрөг тал байна. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших хэрэггүй гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Энэ бол иргэдийн санал бодлын нэг хэсэг нь юм. Зарим хүмүүс Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнг эцсийн үр дүн гэж хараад байна. Гэтэл энэ бол шат дараатай явах арга хэмжээнүүдийн эхний хэсэг юм. Өнөөдөр оролцсон иргэн бүрээс тусгайлан санал авна. Ингээд санал авах, баримт бичгийг хураах зэрэг ажиллагааг бүгдийг нь баримтжуулж, камерын бичлэг хийнэ. Хэрэв дараа нь ямар нэгэн маргаантай асуудал гарч ирэх юм бол камерын бичлэгээ баримт болгон ашиглах юм. Бүхий л үйл явц ил тод шударга явж байгаа.
 

Н.Жанцанноров: Би түүврийн аргад итгэсэн

/Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн/

-МАН, АН хоёр ойролцоо суудал авсан үедээ Үндсэн хуулийн өөрчлөлт хийчих байх гээд найддаг. Гэтэл яаж ч чадахгүй, хоорондоо тохиролцож чадахгүй байсаар өдийг хүрлээ. Уг нь тэгсэн бол биесээ хардаж, тэрний энэний эрх ашгийн төлөө гэж хардахгүй байх байсан. Одоо нэг нам нь олон суудалтай үедээ хийе гээд оролдоод эхэллээ.

Тэгэхээр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө өөрчлөлт оруулчихна гээд хардах юм. Үндсэн хууль манай улсын хөгжлийг ямар нэг хэмжээгээр урагшлуулахад тохирох, тохирохгүй зүйл байгаа бол өөрчлөлт хийхээс аргагүй. Тохирох, тохирохгүй зүйл байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүс нь хайгаад дууссан. Үүнийг ингэж өөрчилбөл болох нь, хэрвээ үүнийг тэгвэл тэгэх нь ээ гээд яах вэ гэдэг асуудалтай тулгараад үүнийгээ асууя гэсэн. Асуух хууль гаргасан.

Үүндээ иргэдээ түүврийн аргаар оролцуулж байна. Би түүврийн аргад нь итгэсэн. Аль нэг намын нөхөр орж ирээд дарга, даамлынхаа заавраар ингэж хэлнэ, тэгж хэлэхгүй гэсэн зүйл алга. Боловсролтой, боловсролгүй бүх иргэдийг оролцуулж байгаад харин ч олзуурхсан. Хэдхэн намын дарга нар суугаад Үндсэн хуулиа өөрчлөх гээгүй байна шүү дээ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд CaakNews.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо5 сар 4. 1:37Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад нэрээ дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг5 сар 2. 17:34Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй5 сар 1. 18:03Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана5 сар 1. 17:46100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ5 сар 1. 10:38Донжтой инээмсэглэл5 сар 1. 10:36Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, ард түмэн бус УИХ томилох нь5 сар 1. 10:32Шүд, эрүү нүүрний төвийнхөн газар ч үгүй, байр ч үгүй...5 сар 1. 10:25МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана5 сар 1. 10:19Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ5 сар 1. 10:17Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь5 сар 1. 10:14Х.Баттулга Ерөнхийлөгч болвол ардчиллын партизануудад орон сууц олгоно5 сар 1. 10:00АИХ-ыг байгуулвал түүхийн хүрд буцаж эргэнэ5 сар 1. 9:57“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР5 сар 1. 9:54БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллалаа5 сар 1. 9:51"Яг түүн шиг" шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)5 сар 1. 9:48Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй үед засгаар оролдож болохгүй5 сар 1. 9:46Лу.Болд хийсэн хэргүүдээ халдашгүй дархан эрх дор нууж, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөөр бороо оруулах уу5 сар 1. 9:44Яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно гэв5 сар 1. 9:43Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна5 сар 1. 9:42

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2017.