Хүүхдийн өссөн орчин түүний төлөвшилд асар хүчтэй нөлөөлдөг
Хэрвээ надад дөнгөж төрсөн хүүхэд өгвөл, би хүссэн хүнийг чинь бүтээгээд өгье
Швейцарийн нэрт сэтгэл судлаач Жан ПиажеТэрээр энэ үгээрээ хүүхдийн төрөлх шинжээс илүү хүрээлэн буй орчин, хүмүүс, тухайн нийгмийн байдал зэрэг нь бие хүн төлөвшихөд асар их нөлөөлдгийг баталжээ.
Амьтадтай өссөн ихэнх хүүхдүүд эргээд нийгэмшиж чаддаггүй
1700 оны сүүлээр Францын Аверон Каунагийн ойгоос нэгэн хүү олдсон нь эрдэмтдийг ихэд гайхашруулжээ. Хүү багадаа аав ээжээсээ төөрч, эсвэл хаягдан ойд амьтадтай өссөн ба 11 настайд нь анчид түүнийг олж, Парис хотод авчирсан байна.
Тэрээр ихэвчлэн цагийг ганцаараа өнгөрүүлж, өөрт нь ойртсон хүмүүс рүү яг л зэрлэг амьтан шиг дайрдаг байж. Эрдэмтэд хүүг нийгэмшүүлэхийн тулд арав гаруй жил “ажилласан” ч тэрээр ярьж ч сураагүй гэдэг.
Цагаан цаасан дээр нэгэнт бичигдсэн зүйлс хэзээ ч арилдаггүй
Мөн зөвхөн дээрх ойгоос олдсон хүү ч биш амьтадтай өссөн өөр олон хүүхэд хүн шинжид орж чадаагүй нь өдгөө "Маугли хүүхдүүд" хэмээн алдаршжээ. Үнэндээ бодит байдал дээр тэд хэзээ ч бидний мэдэх хүүхэлдэйн киноны Маугли шиг нийгэмшиж чадаагүй юм. Үүнд тэдний хүүхэд нас болон өссөн орчны нөлөө шууд хамааралтай. Хүүхдийг бид цагаан цаастай зүйрлэдэг. Тэгвэл тэр цаасан дээр бичигдсэн зүйлс насан туршид нь арилдаггүйг та харлаа.
Таны хүүхэд ямар орчинд өсч байна вэ?
Амьдрал дээрх олон маугли хүүхдүүд хүний нийгмээс гадуур, амьтдын дунд өсч, тэдний шинжид эргэлт буцалтгүйгээр орсон. Харин өнөөгийн Монголын нийгэм дэх хүүхдүүд зэрлэг амьтдын дунд биш ч “хүн араатнуудын” дунд өсч байна.
Хүүхэд алга болсон, хулгайлсан, хүчирхийлсэн гээд сэтгэл сэрдхийлгэм гэмт хэргүүд ар араасаа гарсаар.
Зөвхөн хайрлуулж үзсэн хүн л хүнийг хайрлаж чаддаг гэдэг. Тиймээс энэ хэцүү нийгэмд эцэг эхчүүд хүүхдэдээ хамгийн түрүүнд хайрлах, хайрлуулахын сайхныг зааж өгөх хэрэгтэй байна.
Хүүхдийг бие махбодын хувьд биш ч гэсэн сэтгэл санааных нь хувьд хүчирхийлэх нь ирээдүйд мөн л хүчирхийлэгч болгож бэлдэж байна гэсэн үг юм. Үүнээс гадна тодорхой хэмжээгээр бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийг сэтгэл зүйчтэй уулзуулан, эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Учир нь хүний хүүхэд насанд тохиолдсон үйл явдал, цочрол нь тухайн хүний ухамсарт хадгалагдан үлддэг бөгөөд сөрөг үр дагавар үзүүлэх тохиолдол их байдаг байна.