Багтай нийгэм
Хүний нийгэмд гадуурхагдах нь хууль цаазанд гадуурхагдахаас ч дор гэдэг үг байдаг. Чухам үүнээс л болж хүмүүс эрүүл мэнд, амь насаа ч золиослохоос буцдаггүй.
Бөөрний хорт хавдартай эрэгтэй, эхнэрийн хамт хүнсээ цуглуулж явна. Тэрээр хүнд зүйл өргөж болохгүй тул, тор тороор цуглуулсан хүнсийг гэргий нь дааж ядан авч явлаа.
Харин хажуугаар нь зөрөх хүмүүс, тэр тусмаа эмэгтэйчүүд залуу руу харан эхнэрээрээ хүнд зүйл өргүүлээд, эрийн шинжгүй гээд л шивнэлдэнэ. Гэвч тэд түүнийг эрүүл байхдаа хүнс байтугай, эхнэрээ гар дээрээ өргөж явсныг нь мэдэхгүй.
Ер нь тэд мэдэхийг ч хүсээгүй. Зүгээр л хар бор ажлыг эрэгтэй хүн хийх ёстой гэсэн тогтсон хэв журмыг зөрчсөний төлөө үзэн ядацгаана.
Тэдэнтэй тэдэнгүй эхнэрээ зовоож байгаадаа шаналж явсан залууд, дээр нь үхэлтэй тэмцэж, амьдрах урам зоригоор дутагдаж явсан түүнд хүмүүсийн энэ үйлдэл хэчнээн том цохилт болсон бол.
Залуу, дэврүүн насандаа тэр хэний ч үгийг тоодоггүй, дүрэлзсэн гал мэт байсансан. Харин одоо эмчийн өгсөн зөвлөгөө, хоолны дэглэм, гам барих гээд бүгдийг яв цав дагадаг болсон юм. Гэхдээ өөрийнхөө төлөө биш, харин үр хүүхэд, эхнэрийнхээ төлөө нэг хоног ч болов илүү амьдрахын тулд тэр билээ. Гэвч хүмүүсийн үзэн ядсан харц түүнийг өргөс мэт чичиж, эхнэрийнхээ гараас бүх тортой зүйлийг шүүрч аван, хүмүүсийн дундуур бардам алхаж гарсан юм.
Үнэн учрыг нь ойлгоогүй, ул суурьгүй тэр ширүүн харц, үхэлтэй тэмцэж яваа эцэг хүний, үр хүүхдэдээ харагдах хоногоос хэдийг нь хумсалсан бол?
Бид яагаад эр хүнийг хүнд хөдөлмөр хийх ёстой гэж үздэг вэ? Учир нь тэдэнд үүнийг хийх чадал эмэгтэйчүүдээс илүү байдаг учраас. Гэтэл тэр чадал нь алдарсан бол түүнийг эмэгтэй хүн хийхэд юу нь болохгүй гэж?
Хэрвээ шалтгаангүйсэн бол ямар ч Монгол эр хүн эхнэрээрээ хүнд зүйл өргүүлэхгүй гэдэгт би бат итгэдэг. Таныг ч мөн ингэж итгээд дараагийн удаа дотроо ойлгож, хүлцэн өнгөрөөсэй гэж хүсэх байна.
Энэ мэт нийгэм таньд ч мөн баг зүүлгэсэн байхыг үгүйсгэхгүй. Та ч мөн өнөөдөр хэн нэгний харцнаас айж, дуртай хувцсаа өмсөж чадахгүй, шүүгээндээ хадгалсаар байж болзошгүй. Эсвэл томоор бодоход эрүүл мэндээ золиослон байж хүмүүсийн ширүүн харцнаас бултаж байгааг ч үгүйсгэхгүй.
Ингэж бие биеэ хэмлэсэн нийгэм цогцлоох хэрэг байна уу?
Ганц л амьдрах хорвоод, зөвхөн өөрсдийн дураар, бас өөрийн дүрээр, ямар ч баг, халхавчгүй энгийн сайхан амьдарч болохгүй гэж үү.