ЕБС-иудын ХАНГАЛТГҮЙ гурван асуудал
2018-06-11

Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилтээр  Нийслэлийн боловсролын газар болон есөн дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд ерөнхий боловсролын сургуулийг тойрсон чухал асуудлуудад хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт хийжээ.  Энэхүү үнэлгээгээр Нийслэлийн ЕБС-ийн орчны стандарт, сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаа, сурагчдыг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах зэрэг асуудал хангалтгүй байгааг онцолжээ. Хөндлөнгийн үнэлгээний дүгнэлтийг өнөөдөр /2018.06.11/ танилцууллаа. 

 

Нэг: Биеийн тамирын хичээл ХАНГАЛТГҮЙ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүүхэд, залуусын дунд эрүүл мэндийн мэдлэг, ойлголт дутагдалтай байгаагаас үүдэн тэд эрүүл мэндээрээ хохирдог болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл үнэлгээний багийнхан үүнд тулгуурлан 11-15 насны хүүхдүүдийг сонгон авч судалгаанд хамруулжээ. Энэхүү судалгаанд нийслэлийн зургаан сургуулийн  2300 орчим хүүхэд хамруулж, сургуулиудын 3000 метр радиус орчинд үнэлгээ хийсэн байна. Үнэлгээгээр 11-15 насны хүүхдүүд амьдралын буруу хэвшлээс урьдчилан сэргийлэх орчин нөхцөл /гэр бүл, сургууль, гудамж талбай/ бүрдсэн эсэх, сурагчид зөв амьдрах дадал хэвшилд суралцсан эсэхийг дүгнэсэн байна. Энэхүү хоёр асуулгад ХАНГАЛТГҮЙ гэдэг дүгнэлт гарчээ.

 

Нийт зургаан сургуулийн 462 объект дээр ажиглалт хийхэд 47 хувь нь сурагчдад сөрөг нөлөө үзүүлэх шөнийн клуб, бар, караоке, тамхины цэг гэх мэт объектууд байв. Зөвхөн 15 хувь нь л дасгал хөдөлгөөн эсвэл эрүүл амьдралын хэв маяг дэмжсэн таатай ногоон цэгүүд байжээ. Сургуулийн гадаад орчинд, тамхи татах цэг дээр хоногийн турш ажиглалт хийхэд 13-17 насны 42 эрэгтэй хүүхэд тамхи татаж байсан. Сургуулийн ойр орчимд тамхи худалдаалахыг хориглодог ч тамхи татах болоод борлуулах цэг олон байгаагаас тамхины хяналтын хуулийн хэрэгжилт сул байгааг харж болохоор байв.

 

Мөн судалгаагаар 4-5 хүүхэд сонгон авч өглөө хичээл эхлэхээс орой тарах хүртэл нь хамт байж хөдөлгөөнийг хэмжиж үзэхэд сурагчид хөдөлгөөний асар их дутагдалтай байгаа нь ажиглагджээ. Учир нь сурагчид хичээлийн үеэр огт хөдөлгөөн хийдэггүй. Их завсарлагаанаар сургуулиуд хөдөлгөөн хийлгэдэггүй бөгөөд ажиглалт явуулсан зөвхөн нэг сургууль завсарлагаанаар сурагчдыг нэгдсэн журмаар бүжиглүүлсэн байна. Биеийн тамирын хичээл долоо хоногт хоёр удаа орох ёстой ч сургуулиудын ачаалал их тул биеийн тамирын хичээлийн зааланд гурван анги нэгэн зэрэг хичээллэдэг. Багш эхний 10 минут бүх ангийн сурагчдыг дасгал хийлгээд, үлдсэн цагт сагс тоглуулдаг. Энэ үеэр зөвхөн сагс тоглох сонирхолтой сурагчид эсвэл ахлах ангийнхан тоглож, үлдсэн сурагчид утсаар тоглож цагийг идэвхигүй өнгөрөөж байгааг ажиглажээ. Сургуулийн спорт заалны хүрэлцээ муу асуудал нь хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орох үндэслэл болж байгаа юм. Амралтын өдрөөр сурагчид сургуулийнхаа спорт зааланд дасгал, хөдөлгөөн хийх боломжтой ч сургуулийн зүгээс амралтын өдрүүдэд спорт заалаа насанд хүрэгчдэд түрээслэдэг байна. 

 

Дараагийн нэг асуудал нь сурагчдын эрүүл бус хооллолт. Сургуулийн цайны газарт бэлэн бүтээгдэхүүн, пирошки, шарсан ороомогоор үйлчилж байсан бол сургуулийн гадна орчны 500м дотор бэлэн, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүтээгдэхүүнүүд /хийжүүлсэн ундаа, шарсан төмс/ худалдаалж байжээ. Мөн тамхийг ямар ч хориглолтгүй борлуулж байсан аж.

 

Сургуулийн ойр орчмын зурагт самбаруудад зөв хооллолтын талаар мэдээлэл байхгүй, хийжүүлсэн ундаа, түргэн хоол зэрэг буруу хооллолтыг дэмжсэн сурталчилгаа байршуулсан байна. Гурван телевизийн нэвтрүүлэгт анализ хийхэд мөн л түргэн хоол, хийжүлсэн ундаа, архи тамхи сурталчилсан кино их гарч буй нь ажиглагджээ.

 

Иймд хөндлөнгийн үнэлгээний багийнхан 11-15 насны хүүхдүүдэд амьдралын буруу хэвшлээс урьдчилан сэргийлэх орчин нөхцөл бүрдээгүй, сурагчид зөв хооллох боломжгүй бөгөөд зөв хооллолтын талаар мэдээлэлгүй тул ХАНГАЛТГҮЙ гэж үзжээ.

 

Хоёр: Хичээлээс гадуурх үйл ажиллагаа ХАНГАЛТГҮЙ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлээс гадуурх үйл ажиллагаа /ХГҮА/ нь БСШУС-ын сайдын тушаалаар баталсан ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжийн дагуу хэрэгждэг. Нийт танхимын цагийн 2.9 хувь нь хичээлээс гадуурх үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой.  Гэвч хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь суралцагчийн хэрэгцээ, сонирхолд бүрэн нийцэх тал дээр хангалтгүй байна гэж үнэлгээний багийнхан дүгнэжээ.

 

Хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар оролцооны чадвар, манлайлах чадвар, харилцааны чадвар, өөрийгөө удирдан хөгжүүлэх чадвар олгох зорилготой. Гэтэл судалгаанд хамрагдсан нийт сургуулийн 12 хувь нь ХГҮА зохион байгуулахдаа ямар нэг төлөвлөгөөгүйгээр сургалт зохион байгуулдаг, 46 хувь нь ямар чадвар эзэмшүүлэхээ тодорхойлоогүй, 95 хувь нь үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхойлоогүй, 96 хувь нь тус сургалт бусад хичээлтэй хэрхэн уялдаж байгааг мэдээгүй байжээ.

 

Иймд хөндлөнгийн үнэлгээний хүрээнд дэвшүүлсэн ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлт, зохион байгуулалт, зээмших чадварын төрийн зорилт, сургуулийн нийлүүлэлт, суралцагчийн эрэлт хоорондоо нийцэж чадахгүй, хангалтгүй гэсэн үнэлгээг өгсөн байна.

 

ГУРАВ:  Сургуулийн орчны стандартын хэрэгжилт ХАНГАЛТГҮЙ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сургуулийн барилга  байгууламж, түүний эргэн тойрон хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцлөөс ангид байж, хүүхдийн суралцах үйл явцыг дэмжих ёстой гэж олон улсын боловсролын агентлагийн /INEE/ тогтоосон байдаг. Энэхүү стандартыг хангасан эсэхийг хөндлөнгийн үнэлгээний багийнхан БЗД, ЧД, СХД-ийн 53, 84, 24, 17, 12 болон “Ирээдүй” цогцолбор сургуулийн дотоод болон гадаад орчинд хийжээ. Сургуулийн гадаад орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдал, орчны ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, халтиргааг, гулгаа, зам, талбайн тохижилт, бохир, цэвэр усны худгийн таглааны битүүмжлэл, гарц, орцын хүрэлцээ, гэмт хэрэг, зөрчилд өртөх магадлал, сургуулийн орчимд барилгын ажил хийгдэж байгаа эсэх, ухсан нүх, овоолсон шороо байгаа эсэх зэргийг сургуулийн удирдлага, багш, сурагч, эцэг эхийн ихэнхи нь хангалтгүй буюу ихэнхи үзүүлэлтэд дунд болон дундаас доогуур үнэлгээ өгчээ. Үүнээс сургуулийн гадаад орчны стандарт хангалтгүй байгааг харж болно.

 

Мөн сурагчдын ширээ, сандал стандартад заасан хэмжээнээс 10-15 см-ын өндөр буюу намхан, ихэнх нь хэтэрхий хуучирсан, эвдрэл ихтэй байсв. Ахлах ангийн сурагчид өсгөлүүн болсон учраас ширээ, сандал нь багаддаг, биеийн тамирын заал ачаалал ихтэй, дадлага хийх багж, төхөөрөмж, бодис дутагдалтай, техник, хэрэгслэлийн хангамж сайнгүй байлаа. Ахлах ангийн сурагчид элсэлтийн шалгалтад бэлтгэх, дугуйланд хичээллэх боломж муу, номын санд хэрэгтэй ном, сурах бичиг байхгүй болохыг судалгаанд дурджээ.

 

Судалгааны дүнгээр сургуулийн удирдлага, багш нар, сурагчид, эцэг эх /нийт оролцогчдын 90.8 хувь/ сурах орчинг сайжруулвал, сургалтын чанарт сайнаар нөлөөлнө гэж үзсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
маш зөв хэлсэн байна. Энэ асуудлууд дээр боловсролын яам анхаарал хандуулж арга хэмжээ авах хэрэгтэй. Биднийг хүүхэд байхад л ядаж завсарлагаанаар үүдэндээ гараад гимнастик хийдэг байсан ш дээ.
2018-06-14