Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.
Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл"-ийн нээлтийн ёслол боллоо. Шинэ цэвэрлэх байгууламжийг Францийн Артилло компаниар хийлгэсэн ТЭЗҮ-г үндэслэн, БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлээр барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн, 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж ашиглалтад орно хэмээн Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлээд байгаа юм.
Төслийг нээхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон улсын стандартыг хангасан дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламжийн хөрөнгийг гаргахаар болж байгаад баяртай байна. Ингэснээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй Туул голын экологийн доройтлын эсрэг шат дараатай авсан арга хэмжээний үргэлжлэл болж, үр дүнд хүрэх нь” гэдгийг онцолсон юм. Энэ үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, ноён Ван И мөн үг хэлсэн бөгөөд тэрбээр “Хоёр орны харилцааг илтгэх үйл явдлын түүхэн мөчийг гэрилж байгаадаа баяртай байна. Шинэ цэвэрлэх байгууламж хоёр талын харилцааны үлгэр жишээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын иргэдэд маш чухал ач холбогдолтой болохыг бид мэдэрч байна. Бид байгаль орчныг хамгаалахад шаардлагатай олон улсын стандартад нийцүүлэн шинэ цэвэрлэх байгууламжид дэлхийн хамгийн шилдэг технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
Хоёр улсын хоорондох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлнэ. Бидний хамтын ажиллагааны үр шимийг зөвхөн Улаанбаатар хотын иргэд бус, Монголын нийт ард иргэд хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
С.Нацаг
Сэтгэгдэл (18)