Он гарсаар эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 772 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг Замын Цагдаагийн албанаас мэдээлж байна.
Хэдийгээр осол, хэрэг, амь нас нь хохирсон, гэмтсэн хүний тоо буурсан ч орон нутгийн зам болон орон нутагт гарч байгаа зам тээврийн осол хамгийн их байгаа аж. Тодруулбал, ослын улмаас амь нас нь хохирогсдын 75 хувь буюу 201 нь орон нутгийн замд бүртгэгджээ.
Иймд хөдөө, орон нутгийн замд зорчигчдын хөдөлгөөн хамгийн ихээр нэмэгддэг зургаагаас аравдугаар саруудад Замын цагдаагийн албанаас нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлж, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил, арга хэмжээг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.
Тухайлбал, орон нутгийн замд теле хяналтын камер болон зөөврийн хурд хэмжигч багажаар хяналт тогтоох, зам болон замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийн үзлэг шалгалтыг хийж, сайжруулах, мөн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар хяналт шалгалт хийж ажиллаж байгаа юм.
Түүнчлэн 18 аймагт 27 авто замын байнгын хяналтын пост шинээр байгуулж байгаа бөгөөд одоогоор 4 аймагт 7 постын бүтээн байгуулалтын ажил дуусчээ.
Зохион байгуулсан ажлын үр дүнд долдугаар сарын 20-оос наймдугаар сарын 20-ны өдөр хүртэлх сарын хугацаанд гэмт хэрэг 25,3 хувиар, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүн 18,3 хувиар, гэмтсэн хүн 29,4 хувиар тус тус буурчээ. Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар нийт 284473 тээврийн хэрэгсэл шалгаснаас 63366 зөрчил илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллажээ.
Хөдөлгөөнд оролцож байгаа дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын нэг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг гэсэн статистик судалгаа гарчээ.
Б.Лхам