ХУРГА ЗАСДАГ ХУТГА (Памфлет №05)

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 29

Бүл чадалтай, эвэртэй тууртай, эм мал дээр харайдаг, ирэг ирвэл мөргөдөг, ихээхэн задарсан эрх мэдэлтэй амьтныг хуц гэнэ. Харин бяр чадалгүй, майлахаас өөр шидгүй, майжигнахаас өөр явдалгүй амьтдыг хурга гэнэ.

Харин тэднийг хариулдаг, хашдаг, хамгаалдаг малчныг төр гэнэ. Малчин хүнд муу малд үзүүлдэг олон зэвсэг байдгаас нэрлэвэл, шилбүүр, ташуур, хөгнө, хутга тэргүүтэн болно. Буруу өөхөлсөн хуц, борви тэнийсэн хурга хоёрт хутга зохино.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, буруу замаар бусдыг хээлтүүлж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа хэт их өвс тэжээл зувчуулсан хуцыг эцэг малын эрх ямбаа хэтрүүлэн ашигласан хэргээр яллаж, хутгаар муулдаг ёстой. Харин хожим хойно хуц болох магадлалтай олон тооны хургыг “барын зулзагыг бага дээр нь” гэдэгчлэн хутгаар хөнгөлдөг ёстой. Хуц муулах, хурга засахад хэрэглэдэг тэр хутгыг болбоос хууль гэнэ ээ.

Гэвч сүүлийн үед энэ хутга их “царай харж” хэрэгждэг болоод байгаа. Эрх мэдэлтэй, бүдүүн шиг хуц харахаараа энэ хутга иргүй, мохоо болж орхидог болсон. Эсрэгээрээ ядуу чадуу муу хургануудад бол эр бяраа ихээхэн шиг үзүүлж, дүрэмдэх болсон.

Уг нь юунд ч ялгаваргүй, адил тэгш байлгах гэж эрт цагийн өвөг дээдэс маань тэр хутгыг төмрөөр хийсэн юм гэсэн. Тиймдээ ч “төр төмөр нүүртэй” ч бил үү, “төмөр хутгатай” ч бил үү, нэг тийм үг захиж үлдээсэн байдаг. Харамсалтай нь төрийн маань төмөр хутгыг өнөө үед хятад хайлшаар хийх болсон учраас хурга засахдаа л эр бяр болсон дуулдана.

Хурганы засаа гэж хариугүй нимгэн эд байдаг хойно арга ч үгүй. Харин хуцанд бол хаймраас цаашгүй. Задарсан хуцыг заазалж бай гэж нэг тусгай хутга малчинд өгсөн юм билээ. Бариул дээрээ АТГ гэсэн бичигтэй, ерөөсөө л буруу өөхөлсөн хуцнуудад зориулсан хутга. Гэтэл яасан гээч. Тэр хутга хуцнуудын гарт орчихсон.

Нэгэн удаа хуцнууд их том хуйвалдаан хийж л дээ. Малчнаас эрх мэдлийг нь булаан авч, хотонд хэн хэнээр хуц тавих вэ гэдэг хувьсгал шахуу юм төлөвлөж. Ингэхдээ 60 түмэн хонь цуглуулж, тэднийгээ ээлж дараагүй засаглах лут “комби” зохион тохирсон байна. Харамсалтай нь, энэ “комби”-г нь малчин, мал, хурга ишиг, хот саахалтынхан бүгд мэдчихжээ. Тэгмэгц малчин задарсан муусайн хуцнуудыг шийтгэх хэрэгтэй болж, өнөө АТГ гэсэн логотой хутгаа хуйнаас нь гаргаад иржээ. Гэвч хутгаа далайж ч чадаагүй юм даа. Яасан гэтэл, хутга нь хуцнуудыг хармагцаа хайлмаг шиг туялзаад, нугарч хугараад, даасангүй гэнэ. Ир гэж жаран настай өвгөний буйлнаас ч дор болсон хутгаар хуцны зузаан арьсыг цоо хатгах бүү хэл, эсгэж хөндөж ч чадалгүй хоцорчээ.

Мөн саяхан нэгэн “муруй” хочит хуц эрхтнийхээ зургийг эм мал руу явуулж, эрх мэдлээрээ далайлган сүрдүүлсэн увайгүй хэрэг гарсан. Гэвч хуц гэх алдар хүндийг нь сэвтүүлсэн гэдгээр энгийн нэгэн хурганд (Тэр нь их майлдаг учраас “май” гэдэг үг орсон нэртэй хурга байж таарчээ) буруу тохож, мань хуц ямар ч буруугүй болж үлдсэн. Эм мал, эрх мэдэлтэй хуц хоёр хоорондоо учраа “ололцох” ёстой байтал дундуур нь “илжиг мэт жороолсон” гэдэг зүйлчлэлээр тэр хурганы засааг хөнгөлөхөөр болсон юм даг уу даа.

Иргүй, мохоо хутгаар хэнийг ч айлгаж чадахгүй малчин эцэстээ цөхөрчихөөд байна. Энэ далимыг ашиглаад, өнөө хуцнууд мөнөөх хутгыг нь өөрсдийн болгоод, хурга ишиг барьж авч хөнгөлөөд сүйдийг нь хийж байгаа сурагтай.

Тэднээс өдгөө бүгд айн сүрдэж, ширвээтэн эмээх болжээ. Хууль хэмээгч хутгыг гартаа оруулсан тэд хуцны эрх мэдлийг улам тэлэх талаар эрчимтэй ажиллаж байгаа юм байна. УИХ-ын дарга, бас гишүүн гэсэн пайз зүүсэн хуцнуудыг хэн ч, хэзээ ч хөндөхгүй, хөнгөлөхгүй байх тухай хууль буюу хутга тэд өөрсдөдөө зориулан хийсэн байна.

Нэгэнт сонгогдож чадсан хуцыг хэн ч оролдож, суудлаас нь эргүүлэн татах эрхгүй. Ганцхан нөхцөлд хуц суудлаа өгнө. Тэр нь “УИХ-ын гишүүн гэх пайзтай хуц нь “буруу үйл” (гэмт хэрэг) үйлдэж байгаад газар дээрээ нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд эгүүлэн татаж болно” гэсэн ганцхан нөхцөлтэй. Гэтэл “буруу үйл” хийсэн ч хуц нар хариуцлага хүлээхгүй.

Хариуцлага тооцно гэх сэдвийг хөндөхтэй зэрэг бүгд л толгой дохин дэмжих атлаа гагцхүү хуулийн хүрээнд л хариуцлага тооцно шүү гэх зальжин хариултаар бүхнийг мадладаг.

Гэтэл Японы парламентын гишүүн гэсэн пайзтай хуц нар яадаг гээч. Бусдын бэлчээрт халдсан л бол шууд хуц байхаа болино. Хуц болохдоо бусдаас нууцаар өвс тэжээл идчихээд, түүнийгээ хэлээгүй л бол бас хуц байхаа болино. Гэтэл манай хуц нар хэтэрхий пээдгэр. Идсэн уусан өвсөө худлаа мэдүүлж, гадаадад оффшор өвс нөөцөлж, малчныдаа дандаа согтуу орж, агсан тавьж, зарим нь бүр малчны эзгүйд бэлчээрээ хүртэл зарах болсон билээ.

Хөөрхий хурга нарыг согтуугаар машин барилаа гэж эрүүгээр хийсэн хутгаар (Эрүүгийн хууль) шийтгэдэг хэрнээ согтуугаар төр барьсан хуцанд ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй байх жишээтэй.

Хурганд хуц байх эрхийг өгөхгүй засч орхидог хутгатай (хууль) атлаа хуцны хуц байх эрхийг хасч, танаж, огтолж хаядаг хутгагүй болжээ. Хөөрхий муу малчныг л өрөвдөх юм.

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.181) 2018 оны 08 сарын 30

Цогтбаяр уурлаад байна боль малнуудаа

0  |  0
man(73.168.30.106) 2018 оны 08 сарын 30

ene odoo yu bicheed bgan be buun honi mal bolchloo. zuer shuud utgaarn heleechdee zaaval ene mori mal ruu oruulaad bhin muu tulee chine.

0  |  0
Zochin(202.9.40.169) 2018 оны 08 сарын 29

Hutsnii duuli hezee duusah yum bol doo.hurganuud amrahsan

0  |  0
goy(66.181.161.50) 2018 оны 08 сарын 29

dald utgiig oilgodog humuust bol saihan l helj.

0  |  0
гайхах хэрэггүй ээ(64.119.26.131) 2018 оны 08 сарын 29

2 жилийн өмнөх нэг сонгуулийн үеэр ”Урт хутга” гээд хэллэг яавж байсан тэр өндрөө аваад л үйлчилж явна даа. Хөөрхий урт ташуур гэгч нь өнгөрсөн дөө

0  |  0
Херо(64.119.26.131) 2018 оны 08 сарын 29

Оюун-Эрдэнэ ном бичсэн гэлүү хэ хэ. Иймэрхүү л утга зохиолын төрөл жаанарт байхгүй хов живийг найруулахчаан болсон юм болов уу даа. Бас нэр зээлдэхээ мартаагүй бололтой. Мартаснаас 60 тэрбум гэгчээр олон улсын шүүхэд хэдийд хандах гэж байна хэ хэ

0  |  0
zochin(64.119.16.35) 2018 оны 08 сарын 29

munkhnaran eejee

0  |  0
зочин(202.9.42.89) 2018 оны 08 сарын 29

төрийнхөн тэнэг бичээч мөн адил

0  |  0
Top