Өнөөдөр гар утас хэдийнэ тансаг хэрэглээ байхаа больж хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон. Хүүхдүүд гар утсаар яриад зогсож байхад өнөөдөр хэн ч гайхахгүй. Тэр ч байтугай бүр багаасаа гар утас, таблет ашиглаж сурч байна. Харин бага насны хүүхдэд гар утас худалдан авч өгөх нь хэр зөв бэ? Багачуудад гар утас хэрэгтэй юү?
Хүүхэд тодорхой насанд хүртлээ эцэг эхийн хараа хяналтад байдаг болохоор тэдэнд өөрт нь заавал гар утас байх шаардлагагүй юм. Техник технологийн эрчимтэй хөгжлийн энэ зуунд гар утас өөр хоорондоо холбоо барихад хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах нь зөв гэж үздэг болсон. Багачуудад олон цагаан хүүхэлдэйн кино үзүүлэх юм уу, жижиг дэлгэцтэй гар утсаар тоглоом тоглуулах зэрэг хараанд сөргөөр нөлөөлөх зүйл хэрэглүүлэх хэрэггүй юм. Өмнө нь энэ бүхнийг үзэхийн тулд гар утасгүйгээр болоод л байсан шүү дээ.
Хүүхэд багаасаа гар утас хэрэглэх нь хараанд муугаар нөлөөлөхөөс гадна тэдний анхаарал, өсөлтөд муу нөлөөтэй.
Гар утас бэлэглэх хамгийн тохиромжтой нас
Хүүхэд сургууль руугаа, найз нартайгаа тоглох, зугаалах гээд гэрээсээ бие даагаад ганцаараа гарч явдаг болсон тэр цагт л эцэг эхтэйгээ холбоотой байхын тулд гар утас хэрэгтэй болж мэднэ. Гэхдээ үнэтэй, олон үйлдэлтэй, ухаалаг гар утас ч хэрэггүй. Зүгээр л холбоо барихад хангалттай энгийн утас байхад болно. Эхний ээлжинд тоглоом тоглох, ярихаас бусад үйлдлийг нь хязгаарлах хэрэгтэй. Энд хэд хэдэн дүрэм мөрд.
Юуны өмнө интернэтэд орж байгаа эсэхийг нь сайн хянаж бай. Мэдээж хүүхдээ интернэтийн донтой тусаж, хэрэгтэй хэрэггүй контент руу орохоос сэргийлж интернэтэд орох цаг хязгаар тогтоох нь зөв.
Ер нь гар утас бол хүүхдээ хамгаалах, хэрэгтэй цагт холбоо барих хэрэгсэл. Гэхдээ гар утас нь хэрэгцээнээсээ давсан уршиг тарих ёсгүй. Тэгээд ч хүүхдэд үнэтэй тансаг гар утас бариулах нь муу хүмүүсийн нүдэнд өртөж дээрэмдүүлэх, хулгайд алдахыг үгүйсгэх аргагүй.