Ч.Ганжавхлан дэлхийн JCI байгууллагын (TOYP) шилдэг залуугаар Монголоос анх удаа шалгарчээ
Жил бүр дэлхийн JCI байгууллагаас “JCI Ten Outstanding Young Persons of the World” буюу JCI байгууллагын эрхэм зорилгод нийцсэн, нийгэмд тогтвортой нөлөөлөл үзүүлж, эерэг өөрчлөлт авчирсан идэвхтэй 10 залууг шалгаруулдаг бөгөөд үүний нэгээр Монголд "Ид шидийн орон" төсөл амжилттай хэрэгжүүлсэн, "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Чадраабал овогтой Ганжавхлан тодорчээ.
Энэ удаа дэлхийн өнцөг булан бүрт эерэг өөрчлөлтийг бий болгож буй 24.500 идэвхтэй иргэн уг шалгаруулалтад оролцсон бөгөөд шилдэг 20 хүнийг шалгаруулан, түүний дотроос шилдэг 10 идэвхтэй иргэнийг шалгаруулж JCI байгууллага албан ёсоор зарлажээ.
Ч.Ганжавхлан "JCI Монгол" байгууллагын “TOYP- 2017” шагнал гардуулах ёслолын “Дэлхийн энх тайван, хүний эрх, хүүхдийн төлөөх амжилтууд” номинацид шалгарсан бөгөөд түүний материалыг гуравдугаар сард дэлхийн JCI байгууллагад бүрдүүлэн өгснөөр тэрээр 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр "Нийгэмд тогтвортой нөлөөлөл үзүүлж, эерэг өөрчлөлт авчирсан идэвхтэй 10 залуу"-гийн нэгээр тодорсон байна. Ийнхүү тэрээр Монгол Улсаас анх удаа JCI байгууллагын (TOYP) шилдэг залуугаар шалгарч байгаа юм.
Түүхээс дурдвал С.Зориг (1992 онд JCI Japan TOYP Award for Recognition for Public Service), Н.Золжаргал (1993 онд JCI Japan TOYP Award for Recognition for Economic Service) нар JCI Япон байгууллагын TOYP-д шалгарч байсан юм.
Ч.Ганжавхлан энэ талаараа "За Энэтхэг явж улсаа төлөөлж шагнал авах нь ээ. Дэлхийн JCI байгууллагаас шалгаруулдаг TOYP /JCI Ten Outstanding Young Persons of the World/ -д Монгол улсаас анх удаа шалгарсан байна. Тууштай дэмжиж хамт байсан бүх хүмүүст, найзууддаа баярлалаа" хэмээн фэйсбүүктээ бичсэн байна.