Хүн амьдрах боломжгүй болсон 34, 35-р байрны нөхцөл байдлыг танилцууллаа
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ажлын байранд нь очиж уулзлаа. Тэрбээр "Хан-Уул дүүрэгт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй болсон Нисэхийн 34, 35-р байрны нөхцөл байдлыг танилцуулсан.
Тэрбээр ирэх онд шинээр барилга барих төсвийг улсын төсөвт суулгахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр БХБЯ-ны газрын дарга н.Батзориг, н.Батболд болон ТОСК-ийн дарга Ж.Хичээнгүй, НЕТГ-ын орлогч дарга н.Уртнасан, ХУД-ийн орлогч дарга А.Амартүвшин, НМХГ-ын барилга, дэд бүтцийн албаны байцаагч нарт нөхцөл байдлыг газар дээр нь үзүүллээ. Мөн иргэдийг ТОСК-ын шинээр ашиглалтад орох байранд байр баригдаж ортол түр байлгах талаар гарц гаргалгаа олохыг ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүйд даалгав.
Суугчдын зүгээс байр баригдтал ТОСК-ийн энэ жил ашиглалтанд орох байранд орох хүсэлтэй байгаа бөгөөд байрны асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх асуудлыг БХБЯ-ны сайдаар уламжлуулахаар болов. Энэхүү ажлыг яаравчлахгүй бол энэ өвөл өвөлжихөд хүндрэлтэй болсон уг байр цаашдаа нурж оршин суугчдын амь нас эрсдэлд орох нөхцөл үүссэнийг төрийн байгууллагын дарга, алба хаагч нарт санууллаа.