Голландын залуу зохион бүтээгч Боян Слат Номхон далайгаас нэг сая тонн хуванцар хог хаягдлыг соруулан авах төхөөрөмжийг 20 насандаа бүтээсэн хүн юм. 2015 оноос хойш тэрээр "The Ocean Cleanup" нэртэй хувийн сан байгуулж 20 сая доллар цуглуулсан бөгөөд өөрөө төслөө боловсруулж төхөөрөмжөө угсрах ажилдаа орсон байна. Одоо харин уг төхөөрөмж нь бараг бэлэн болсон гэнэ.
Боян Слат бүр 16 насандаа л "Далайг хог хаягдлаас цэвэрлэх нь миний зорилго" хэмээн хэлдэг байсан аж. Тэрээр Хавайн арлаас Калифорни хүртэлх далайд төхөөрөмжөө хөвүүлэн 700 мянгаас 1.5 сая хавтгай дөрвөлжин км талбайн хогийг цэвэрлэхээр тооцоолжээ. Эндээс хуванцар са, далайн үхсэн амьтад, шувуудын сэг хаягдлыг цуглуулах юм байна.
Шинжээчид түүний энэ “Систем 001” төхөөрөмж нь Номхон далайн хог хаягдлыг уламжлалт технологиор 10-20 жилийн дотор цэвэрлэчих чадалтай гэж үзэж байгаа юм байна. Ийм чадвартай нь хагас жилийн өмнө хийсэн туршилтын үеэр хоёр цагийн хугацаанд 1000 гаруй том хуванцар сав цуглуулснаар харагдсан юм.
Төслийн гол санаа нь хог хаягдал цуглуулахын тулд далайн түрлэг давалгааг ашиглах бөгөөд давалгаа хогийг туун авчрахад төхөөрөмж хаман авч далайд байрлах хог хаягдал боловсруулах тавцанд хүргэх ажээ. Цуглуулсан хог хаягдлыг тэрээр дахин боловсруулж, аж ахуйд хэрэгтэй бүтээгдэхүүн хийхээр зорьж буй.
Слатын хэлж байгаагаар бол шинэ төхөөрөмжийг есдүгээр сарын 8 гэхэд Номхон далайд байрлуулах гэнэ.