ОХУ-ын нисэх онгоц тээвэрлэгч "Адмирал Кузнецов" хамгийн муу байлдааны хөлгүүдийн хоёрдугаарт орлоо
Америкийн "Business Insider" сэтгүүл манай гариг дээр ашиглаж байгаа нисэх онгоц тээвэрлэгчдээс хамгийн муу долоон хөлгийг нэрлэжээ. Жагсаалтыг Зөвлөлтийн үеийн “Варяг” хөлгийг шинэчлэн үйлдвэрлэсэн Хятадын "Liaoning" хөлөг тэргүүлж, найдваргүйгээрээ цоллуулсан бол араас нь Оросын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч болох “Адмирал Кузнецов” оржээ.
Оросын Тэнгисийн цэргийн флотын командлагчийн орлогч Виктор Бурсук “Адмирал Кузнецов”-ыг шинэ пуужинт их буугаар тоноглож, цахилгаан төхөөрөмжүүдийг нь шинэчилж байгаа, 2021 он гэхэд жагсаалдаа орно гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.
Хамгийн муу хөлгүүдийн жагсаалтын гуравдугаарт зориулалтаар нь бараг ашиглаагүй, боомтод л зогсож байгаа Тайландын "Chakri Naruebet" хөлгийг нэрлэсэн байна. Дөрөвдүгээрт "F-35B Lightning II" сөнөөгч онгоц хөөргөх зориулалттай ч өнөө болтол үндсэндээ ашиглахгүй байгаа десантын олон зориулалттай Америкийн "Wasp" хөлгийг оруулжээ.
Тав, зургадугаар байрыг хөдөлгүүрийн төхөөрөмж нь засварт ороод байгаа Австралийн нисдэг тэрэг тээгч "Canberra" хөлгүүд хувааж эзэлсэн байна. Жагсаалтын хамгийн сүүлийн буюу долдугаар байрт 2017 оны долдугаар сард усанд тавьсан ч хэд хэдэн удаа засварт ороод байгаа, Америкийн нисэх онгоц тээгч "Gerald Ford" оржээ.