УИХ Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож, 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай баталж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байдаг.
Өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн дүн, мэдээнээс үзэхэд Монгол Улсын төсвийн орлого 3.3-4.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 4.3-5.2 их наяд төгрөг байсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2012-2015 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байжээ.
Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байдаг.
2017 оны хувьд тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,727,288.6 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,420,601.4 сая төгрөг байхаар тооцож төсвийг 2,693,312.8 сая төгрөгийн алдагдалтайгаар баталсан бол нэгдсэн төсвийн алдагдал мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьтай тэнцсэн байна.
Дээрх дүн мэдээнээс 2017, 2018 оны төсвийн зарлага болон алдагдал өмнөх жилүүдийнхээс ижил түвшинд, эрс өссөнийг харж болох. Эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэр гаргасан Улсын Их Хурал төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа нь онцгой анхаарал татаж буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж, Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьж байв.
Өнөөдөр төрийн албан байгууллагууд төсвийн үрэлгэн зардлаа танаснаар багш нарын цалинг нэмэх бүрэн боломж байгаа юм. Тухайлбал, шилэн дансны мэдээллээс үзэхэд, Сангийн яам 2018 он гарснаас хойш хагас жилийн байдлаар томилолт, зочны зардалд 137,841,300,0 төгрөгийн батлагдсан төсөвтэй ч тайлант үед энэ нь 34,460,300,0 төгрөгөөр өссөн дүнтэй байна. Өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр оройн зоогонд 8,625,000,0 төгрөг зарцуулсан байх жишээтэй.
2018 оны хагас жилийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яамны цалин, хөлс болон нэмэгдэл хөлс өмнөх оныхоос өссөн дүнтэй байна. Тухайлбал,
нэмэгдэл цалин нь
-өмнөх онд 210,426,823.00 төгрөг
-энэ оны хагас жилийн байдлаар 305,266,089.0 төгрөг,
унаа хоолны хөнгөлөлт нь
-өмнөх онд 57,023,400.00 төгрөг
-энэ оны хагас жилд 81,398,000.00 төгрөг болж өсчээ.
Барилга, хот байгуулалтын яам энэ жил шилэн дансны мэдээллээ ил болгоогүй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын дийлэнх нь мөн энэ оны төсвийн зарцуулалтын мэдээллээ хагас жилийн байдлаар нарийн гаргаагүй байна.
Хоёрхон яамны шилэн дансны мэдээллээс өнгөцхөн харахад танаж, хасаж болох зардал олон харагдана.Хамгийн ноцтой нэгэн баримт нь "Эрдэнэс Тавантолгой" компаниас зуучлалын хөлсөнд 105 мянган ам.доллар зарцуулсан нь эрхгүй анхаарал татна. Энэ нь 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр 35,000 тонн нүүрсний гэрээ хийгээд, Зуучлалын хѳлсөнд тонн тутамд 3$, нийт 105,000 $ зарцуулсан үнийн дүн бөгөөд ойролцоогоор 260 сая тѳгрѳг болж буй юм.
Энэ мэтчилэн төсвийн үрэлгэн зарлага байсаар байгаа бөгөөд тэдгээрийг танаж, багш, ажилтнуудын цалинг нэмэх боломж хангалттай бий юм.