Украины армийн удирдлагын системийн нууц үг “123456” байжээ
Украины Зэвсэгт хүчний “Днипро” бүлэглэл удирдлагын автомат системдээ удаан хугацааны туршид “admin” буюу “123456” гэсэн нууц үг ашиглаж ирсэн гэж сэтгүүлч Александр Дубинскийн ярьсныг УНИАН хэвлэл бичжээ.
Энэ нь мэргэжлийн ямар ч чадвар шаардахгүйгээр дуртай нэгэн нь энд чөлөөтэй нэвтэрч Зэвсэгт хүчний нууц мэдээллийг үзэхэд дэндүү хялбар гэсэн үг. Өөрөөр хэлбэл ингэж нэвтэрснээр удирдлагын автомат системд байгаа төрөл мэргэжлийн цэргийн бүх сүлжээ, салаа салбарын бүтэц зохион байгуулалт, зорилго зорилтыг мэдэж болохоор байна гэж сэтгүүлч баталж байна.
Түүнийхээр бол үүнтэй холбоотойгоор мэдээллийн сангийн хамаг нандин асуудлыг хариуцдаг мэргэжилтэн Дмитрий Власюк Украины Батлан хамгаалах болон Үндэсний аюулгүйн зөвлөлд хандсан захидал илгээснийг цааш нь Гадаад тагнуулын алба, бусад холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
“Дөрвөн сар өнгөрсөн ч Батлан хамгаалахын компьютер, техник хэрэгслүүдэд нэвтрэх нууц үг аанай л 123456 болон admin... хэвээрээ л байна” гэж Дубинский хэлсэн байна.
Украины Удирдлагын автомат сүлжээ АСУ “Днипро” гэдэг нь “цэргийн интернет” нэрээр алдаршсан мэдээллийн нутгийн сүлжээ юм байна.
2017 оны арванхоёрдугаар сард Украины хакерч эмэгтэйчүүдийн “Берегини” хөдөлгөөн энд нэвтэрч Украины тэнгисийн цэргийн хүчний ажиллагааны мэдээлэл, сэтгэлзүйн Төвийн сангаас цэргийн албан хаагчдын хувийн мэдээлэл зэрэг нээлттэй баримт бичгүүдийг дэлгэж байлаа.
2017 оны зургадугаар сард бас хакерууд орос-украины байгууллагуудын серверт халдаж Petya вирус түгээж байсан удаатай. Тэгэхэд кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд хөнөөлийг нь арилгахыг оролдсон ч гэмт этгээдүүд бүр төгөлдөржсөн NotPetya вирус халдварлуулсан байсан юм.
Украин, Америкийн албаныхан энэ үйлдэлд Оросыг буруутгасан ч Москва үүнийг эрс няцаасан юм.