АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп: Оросоос "С-400" худалдан авсан Энэтхэгт хариуг нь барина
Оросын "Зенит" пуужингийн "С-400" системийг худалдан авсан Энэтхэгт, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн хурал дээр "Бид хариуг нь тун удахгүй өгнө" хэмээн мэдэгдэл хийснийг "Global News" хэвлэл дамжууллаа. Мөн тэрээр Москва, Нью-Дели хоёрын хооронд гэрээ хэдийнээ хийгдсэнийг тэмдэглээд “Бид яаж хариулахыг та нар харах болно. Та нарын бодож байгаагаас ч хурдан хариу барина” гэсэн байна.
Ийнхүү мэдэгдэл хийхийн учир юунд байв?
Энэ сарын 5-нд Энэтхэг улс ОХУ-аас "Зенит" пуужингийн "С-400" цогцолборыг худалдан авах гэрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар гарын үсэг зурсан. Түүний өмнө есдүгээр сарын 27-нд Энэтхэгт “Триумф” системийг таван жилийн хугацаагаар суурилуулах тухай мэдээлсэн байсан юм. Гэвч Энэтхэг улс "Зенит" пуужингийн шинэ системийг 5,43 тэрбум доллараар худалдан авч байгаа юм байна.
Энэ үйл явдалтай холбогдуулан АНУ-ын зүгээс “АНУ сөргөлдөгч талуудад хориг арга хэмжээ авах тухай” (CAATSA) хуулийн хүрээнд хориг тавина гэдгээ энэ өдөр өөрийн холбоотнуудад мэдэгдсэн байна. Энэ хуулиар бол Оросоос зэвсэг худалдан авсан улс орнуудад АНУ дангаараа хориг тавих эрхтэй юм.