Байконурын сансрын буудлаас оросын “Союз” хөлөг хөөрөх үед осол гарч, зөөгч пуужингийн хөдөлгүүр гэнэт зогссон байна. Олон улсын сансрын станцад очих байсан шинэ багийнхан ослын буултаар Казахстаны нутагт буусан талаар РИА Новости агентлаг мэдээллээ.
“Хоёрдугаар шатны хөдөлгүүр унтарсан. Багийнхан амьд, тэд Казахстаны нутагт ослын буулт хийлээ” гэж “Интерфакс”-ын эх сурвалж мэдэгджээ. Хөлөг хөөрсний дараа 119 дэх секундэд зөөгч пуужингийн нэгдүгээр блокоос хоёрдугаар шатанд шилжих үеэр энэ осол гарчээ.
Улмаар ослын дохио ажиллан, хөлөг их биеэсээ салж шүхэр дэлгэгдсэн байна. Казахстаны нутагт газардсан багийнхан холбоо тасарсан ч, аврах албаныхан шуурхай арга хэмжээ авч очсон байна. Хөлгийн багт Олон улсын сансрын станцад очих байсан оросын сансрын нисэгч Алексей Овчинин, Америкийн сансар судлалын НАСА-гийн нисэгч Тайлер Хейг нар байжээ. Тэд сансарт 187 хонож нийт 56 туршилт судалгаа хийх ёстой байсан юм байна.