Орос, Иран, Энэтхэг улс хамтран Суэцийн сувагтай өрсөлдөхүйц усан зам гаргана
ОХУ, Энэтхэг, Иран улсууд арван нэгдүгээр сард уулзалт зохион байгуулж олон улсын тээврийн “Умард-Өмнөд”-ийг холбосон зам байгуулах тухай хэлэлцэхээр тохиролцсоныг Ираны "Press TV " телевиз мэдээлсэн байна.
7,2 мянган километр үргэлжлэх энэ зам Суэцийн сувгаар дамжсанаас илүү хямд, бас богино болно гэж тооцоолж байгаа юм байна.
Түүнчлэн энэхүү замыг төмөр зам, усан зам хосолсон байхаар төсөлд тусгасан байгаа аж. Тухайлбал Энэтхэгээс гарсан ачаа хамгийн түрүүнд Персийн булангийн эрэг дээрх Ираны Бендер-Аббас хот хүрээд тэндээсээ Каспийн тэнгисийн эрэг дэх Бендер-Энзели хүрч цаашаагаа далайгаар яван Астрахань ороод төмөр замаар Европ хүрэх юм байна.
Ингэснээр Мумбайгаас Москва ороход ердөө 20 хоног л зарцуулах бөгөөд ачаа хүргэх хугацааг Суэцийн сувгаар дамждаг хугацаанаас 30-40 хувь хэмнэх гэнэ. Ингэж хугацаа хэмнэж байгаа учир энэ замаар жилдээ 20-30 сая тонн ачаа дамжиж байх болно гэж тооцоолжээ.
Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн сайд Суреш Прабху энэ замыг аль болох хурдан ашиглаж эхлэхийг манай улс хүсэж байна гэдгээ илэрхийлээд байгаа юм. Энэ замаар анх 2014 онд ачаа тээвэрлэн туршсан байна.