Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх 85.6 сая ам.долларын гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор нийт 85.6 сая ам.долларын санхүүжилттэй хоёр зээл, хоёр буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банк /АХБ/-ыг төлөөлж Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ё.Фернандез нар өнөөдөр /2018.11.02/ гарын үсэг зурлаа.

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нар болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаВаттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх ажлыг хийх юм.

Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй цахилгаан авдаг баруун бүс, алслагдмал аймгуудад амьдарч буй 260 мянган иргэн байгаль орчинд ээлтэй, найдвартай эрчим хүчээр хангагдах боломжтой болно.

Тус төсөл АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гадна Уур амьсгалын стратегийн сангаас 14.6 сая ам.долларын буцалтгүй тусламж, Японы хамтарсан кредит олгох сангаас зургаан сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүлжилтээр хэрэгжих юм.

Мөн удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг сайжруулах төслөөр удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэхэд чиглэсэн ажлыг 25 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.19.66) 2018 оны 11 сарын 04

Zov zuitei ajil ehleh gej buid bayr hurgey. Hamgiin gol ni heregjilted hynelt tavij tsavchaa orhoos hamgaalah heregetei.

0  |  0
Top