Энэ сарын 9-11-нд Узбекистаны Ташкент хотод болж буй жүдо бөхийн Гран При тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Балдоржийн Мөнгөнчимэг түрүүллээ.
Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэгийн хувьд энэ удаагийн тэмцээний эхний тойрогт Австри улсын тамирчин Унтервурзачер Катринаг цэвэр ялж, улмаар хагас финалд Словени улсын Лески Андрежаг ваза-ари үнэлгээгээр ялсан. Харин алтан медалийн төлөө Итали улсын Сентрачио Мариатай барилдан цэвэр ялж аварга боллоо.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч сорьсон Нямсүрэнгийн Дагвасүрэн түрүүлэхэд гуравхан секунд дутлаа. Аваргын төлөө Казахстаны өсөж яваа залуу жүдоч Дидар Хамзатай учраа таарсан. Барилдаан дөнгөж эхлээд удалгүй шидогоор торгуулсан ч Н.Дагвасүрэн төдөлгүй барилдааны хэмнэлээ олж, улмаар цаг дуусахаас 1:13 минутын өмнө вазари үнэлгээ авснаар алтан медаль руу тун ойртсон. Харамсалтай нь, үндсэн цаг дуусахаас гурван секундын өмнө өрсөлдөгчдөө үнэлгээ алдсанаар тэнцэж, нэмэлт цагт шийдэгдэх болсон юм.
Нэмэлт цагт хуурамч довтолгоо хийсэн тул шидогоор торгуулсан ч хоёр дахь вазаригаар авснаар Казахстаны Д.Хамза алтан медалийн эзэн боллоо.
Сэтгэгдэл (4)