Ангела Меркелийг "Их 20"-ийн уулзалт руу хүргэж явсан онгоц ослын буулт хийжээ
Аргентинд болох "Их 20"-ийн ээлжит уулзалтанд оролцохоор мордсон ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн нисэх онгоц техникийн доголдлын улмаас хөөрөөд тун удалгүй Кёльн хотод ослын буулт хийжээ. Үүнээс болж Германы удирдагч уулзалтын эхний өдрийн үйл ажиллагааг өнжих магадлал тун өндөр болсон байна.
"Конрад Аденауэр" нэртэй Меркелийн нисэх онгоц Буэнос-Айрес хүртэл 15 цагийн нислэг үйлдэх байсан ч цахилгааны системд асуудал гарсны улмаас хөөрснөөсөө цаг орчмын дараа газардсан нь энэ юм. Германы томоохон хэвлэлүүдийн мэдээлж буйгаар канцлер орон нутгийн цагаар баасан гарагийн шөнө Мадрид хотоос ердийн нислэгээр Буэнос-Айресийг зорихоор болсон ажээ.
Өнөөдрөөс эхлэх "Их 20"-ын уулзалтанд Меркель ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж Сири, Украины болон Азовын тэнгист болж өнгөрсөн үйл явдлын талаар ярилцах төлөвтэй байгаа аж.