Эцэг эхчүүдэд орчин үеийн боловсролын системийн юу нь таалагддаггүй вэ?
Онлайн хэлэлцүүлгийн дэлхийн хамгийн том сайтуудын нэг болох "Reddit" дээр эцэг эхчүүд болон сурагчид, оюутнуудын дунд "Орчин үеийн сургуулийн хамгийн том сул тал юу вэ?", "Танд өнөөгийн сургалтын системийг өөрчлөх боломж олдвол юу хийх байсан бэ?" гэх мэт асуултуудыг тавьж, санал бодлыг нь сонссон байна.
Сайтын мянга мянган хэрэглэгчид тус асуултанд өөр өөрийн өнцгөөс хариу өгч, хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд олон сонирхолтой үзэл бодол, гарц шийдлүүд тусгагджээ. Ингээд тэдгээрээс хамгийн олон хүний дэмжлэгийг авсны зэрэгцээ бодит байдлыг оновчтой илэрхийлж зөв зүйтэй шийдлийг хайсан гэж болохоор заримыг нь түүвэрлэн хүргэж байна.
1 Хүүхдүүдийг нэг дор хэт их мэдээлэл дээр ажиллуулж байна
"Өнөөгийн сургуулиуд сурагчдыг мэдээллийн урсгалд живүүлж байна. Аль нь хэрэгтэй, бодит мэдээлэл аль нь хэрэггүй, зохиомол зүйл гэдгийг ялгахад хүүхдүүд байтугай эцэг эхчүүдийн ч толгой эргэхээр байна. Харин оронд нь зөв сэтгэмж, логик сэтгэлгээний аргыг нь хөгжүүлэх замаар хүүхдүүдийн мэдээлэл хүлээн авах чадварт нь нөлөөлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөлшгүй баримт, таамаглал, үзэл бодол, хоосон яриа хоорондын ялгааг таниулах хэрэгтэй"
2 Нэмэлт ур чадварын сургалт дутмаг байна
"Ажил дээр гарахад сургуульд үзсэн дээд математик юунд хэрэг болдог талаар хүмүүс наргиан болгож ярьдаг шүү дээ. Хүүхдийг насанд хүрсэн хойно нь амьдралд нь хэрэг болохоор зүйлсийг заах сургалтын хөтөлбөрийг эцэг эхчүүд дэмжих хэрэгтэй... Хөдөлмөрийн хичээлд охид, хөвгүүдээр нь хувааж оруулах нь буруу. Хүүхэд бүр хоол хийж сурдаггүй юм аа гэхэд ядаж товч хадаад сурчих хэрэгтэй"
3 Онолоор бөмбөгдөж байна
"Хичээл заахад зөвхөн онолыг судлуулах биш практикийг ч мөн тэнцүүлэх ёстой гэдэгтэй олон эцэг эхчүүд санал нийлэх байх. Жишээлбэл гадаад хэлний хичээл дээр улиг болсон “Энэ 30 үгийг маргааш цээжилж ирээрэй”-ээс салах цаг болсон. Хэлний хичээлийн хөтөлбөрт харилцан ярианы хичээлийн цагийг нэмэх нь зүйтэй”
4 Урлаг спорт, сайн дурын ажил хөөсөн хүүхдүүдийн дүнг өргөж байна
"Ямар ч боловсролын байгууллага авьяаслаг сурагчийг илүүд үзэх юм. Сургуулийн нэр хүндийг түгээх нь сайшаалтай зүйл ч гэсэн ерөнхий эрдмийн боловсрол нэгдүгээрт тавигдах хэрэгтэйг мартаж болохгүй"
5 Шалгалт бол ахиц дэвшлийг дүгнэх ганц арга биш
"Мэтгэлцээн, илтгэл тавих, бие даалт хийхэд би үргэлж л нэгт байдаг байлаа. Эдгээрээр дүгнэдэг бол миний дүн 100-аас буухгүй байсан. Гэтэл шалгалт бүрт би арайхийж л тэнцдэг байв"
6 Багш хүний хандлага өөрчлөгдөхгүй байна
"Сүүлийн жилүүдэд сургуулийг боловсролын нэгэн байгууллага гэдэг талаас нь илүүтэйгээр харах болсон. Үүнтэй нийцүүлж багш нар мэргэн зөвлөгчийн байр суурьнаас биш үйлчилгээ үзүүлэгчийн байр суурьнаас сурагчдад хандах хэрэгтэй"
7 Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хайхрахгүй байна
"Ахлах сургуулийн жилүүдэд сурагчид математикийн эсвэл хүмүүнлэгийн ухааны гэсэн хоёр чиглэлийн нэгийг нь л сонгох ёстой мэт байдаг. Сурагчид суралцах хугацаандаа эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл авч, тэр ч байтугай компаниуд, үйлдвэрүүд, лабораториудад экскурс хийх боломжтой байдгийг эцэг эхчүүд төдийлөн мэддэггүй"
8 Хичээлүүдийг гол, туслах гэж хувааж байна
"Математик, монгол хэлний хичээлийн дүн л чухал, бусад нь хоёрдугаарт тавигдах ёстой гэсэн үзэл одоо ч өөрчлөгдөөгүй байна. Хөгжим, зураг, биеийн тамирын хичээлүүд дутахгүй чухал ач холбогдолтой шүү дээ"