АТГ: Манай биш гадаадын байгууллагын судалгаанд ач холбогдол өгдөг нь нууц биш

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Авлигатай тэмцэх газар /АТГ/, Азийн сан хамтран “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол, практикийн бага хурлыг эрдэмтэн, судлаачид, судалгааны байгууллагуудыг оролцуулан өнөөдөр (2018.12.04) зохион байгууллаа. Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцжээ.

АТГ төрийн албан хаагчид, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор 2008 оноос хэд хэдэн судалгаа хийсэн байна.

АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж “Манай судалгаануудын үр дүнг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд төдийлөн ашиглахгүй байгаа нь нууц биш юм. Ихэвчлэн гадаадын “Транспэрэнси интернэшнл” зэрэг байгууллагаас гаргадаг судалгаанд ач холбогдол өгдөг. Бид үндэснийхээ хэмжээнд тооцон гаргаж буй судалгаануудыг сурталчлах чиглэлээр хангалтгүй ажиллаж байгаатай холбоотой байж болох юм. Эсвэл зохион байгуулж буй байдал нь олон нийтэд ойлгомжгүй, асуудлыг зөв гаргаж ирэхгүй байна уу. Судалгааны аргачлал, арга зүй, үр дүн, хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг олон асуултад хариулт олох шаардлагатай байна” гэдгийг энэ үеэр онцлов.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллага нь Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг дэлхийн улсуудтай харьцуулан жил бүр шинээр танилцуулдаг. Мөн бага хурлын үеэр АТГ-аас зохион байгуулсан Шударга байдлын үнэлгээний 2018 оны үр дүнг танилцуулсан. Шударга байдлын үнэлгээг өмнө нь 2015, 2016 онд тооцон гаргаж байсан бөгөөд энэ нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг үнэлдэг нэгэн шалгуур үзүүлэлт болдог юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top