Москвагийн "Шереметьево" нисэх буудал нэрээ "Пушкин" болгож өөрчилнө
Хойд хөршийн ард иргэд онлайнаар явуулсан санал асуулгаар Оросын хамгийн том олон улсын нисэх буудал болох "Шереметьево"-ийн нэрийг "Пушкин" болгож солихыг дэмжсэн байна.
Үндэсний нэгдмэл байдал, эх оронч үзлийг сурталчлан таниулах зорилготойгоор ОХУ-ын Олон нийтийн танхим, Оросын үндэсний газарзүйн нийгэмлэг зэрэг томоохон байгууллагуудын санаачилж хамтран зохион байгуулсан тус улсын нийт 47 онгоцны буудлын нэрийг шинээр солих бүх нийтийн санал асуулгын үр дүн саяхан гарсныг "Россия 1" телевиз мэдээлжээ.
Арван нэгдүгээр сарын турш онлайнаар үргэлжилсэн тэрхүү санал асуулгад оролцсон 5.5 сая хүний олонх нь "Шереметьево" нисэх буудалд 19-р зууны үеийн Оросын агуу яруу найрагч Александр Пушкиний нэрийг өгөхийг дэмжжээ. Харин Москвагийн хоёр дахь том нисэх буудал болох "Домодедово"-г эрдэмтэн Михаиль Ломоносовын нэрээр, Воронеж хотын нисэх буудлыг Их Пётр хааны нэрээр, Краснодар хотын нисэх буудлыг хатан хаан Екатеринагийн нэрээр, Магадан хотын нисэх буудлыг яруу найрагч Владимир Высоцкийн нэрээр тус тус нэрлэхээр саналаа өгцгөөсөн байна.