АНУ Хар тэнгис рүү байлдааны хөлгүүдээ илгээхээр бэлтгэж байна
Өнгөрсөн долоо хоногт Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбогдуулж АНУ-ын эрх баригчид тэнгисийн флотын хөлгүүдээ Хар тэнгис рүү илгээх бэлтгэл арга хэмжээг авч эхэлсэн гэдгийг засгийн газрын гурван албан хаагчаас тодруулж баталгаажуулснаа “CNN” агентлаг саяхан мэдээлсэн байна.
Тодруулбал тус улсын зэвсэгт хүчний удирдлагууд Хар тэнгис рүү хөлгүүдээ илгээхээр болсныг Турк улсад мэдэгдэж өгөхийг АНУ-ын Төрийн Департаментаас хүссэн аж. Гэвч энэхүү хүсэлт нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд Хар тэнгис рүү хөлөг илгээх боломж байгаа гэдгийг сануулах зорилготой болохоос эцсийн байдлаар шийдэгдсэн асуудал гэж үзэж болохгүй хэмээн бас нэгэн эх сурвалж тайлбарласан байна.
1936 онд байгуулсан Монтеррейн гэрээгээр хэрэв АНУ Газрын дундад тэнгис болон Хар Тэнгисийг холбодог Босфорын хоолойгоор хөлөг онгоц гаргахаар болсон тохиолдолд дор хаяж 15 хоногийн өмнө Турк улсын засгийн газарт мэдэгдэх ёстой байдаг аж. Мөн дайны бус цаг үед гадны улсын ямар ч байлдааны хөлөг Хар тэнгист 21 хоногоос илүү хугацаагаар зорчиж болохгүй хэмээн тус гэрээнд заагдсан байдаг байна.