Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөр, "Мах, сүүний анхдугаар аян", "Эрүүл хүнс-Эрүүл Монгол" хүн зорилтын хүрээнд "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-г ХХААХҮЯ-наас бусад оролцогч талтай хамтран амжилттай зохион байгууллаа.
"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний явцад мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулж ажилласан. Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үйлдвэрт нийлүүлсэн байна. Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ дэлгүүрээр нийтийн хэрэгцээнд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын хоолны газарт нийлүүлэх ажлыг өрнүүлжээ.
Түүнчлэн загвар арга хэмжээнд Мах импекс, Мах маркет, Эрдмийт, Дархан меат фүүдс, Булган мах маркет, Баяндэлгэр хүнс гэсэн махны үйлдвэр, Хатант Интернэшнл, Дархан нэхий ХК, ДЦС-4 ТӨХК, Номадс сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, E-mart, Номин, Лавай гэсэн сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн дураараа нэгджээ.
Дээрх хугацаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас долоон мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэрийн төлөөллийг "Дархан меат фүүдс" ХХК-ийн мах боловсруулах анхан шатны үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулж, ээмгийг махны үйлдвэрт зураасан код болгох, тоног төхөөрөмж, програм хангамж, арьсыг гэмтэлгүй бэлтгэх талаар сургалтад хамрууласан байна.
Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс орон даяар шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.