Монгол Улсад малын зохиомол хээлтүүлгийн технологи нэвтрүүлсний 60 жилийн ойд зориулсан онол, үйлдвэрлэлийн бага хурал боллоо. Бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран зохион явуулсан юм.
Малын үржүүлэг, биотехнологийн олон арга дотроос ашиг шим арвин, нэг хээлтүүлэгч малын үрийг хиймэл аргаар авч, олон хээлтэгч малд нэг дор суулгаснаар олон төл зэрэг авах зохиомол хээлтүүлгийн арга дэлхийд хэрэглэдэг байна. Манай улсад уг арга 1958 онд нэвтэрч, малын зохиомол хээлтүүлгийн станц байгуулж байв.
Энэ хүрээнд нэг бухнаас 80-150 тугал, нэг хуцнаас 250-350 хурга авч байжээ. Зохиомол хээлтүүлгийн үр дүнд гарсан эрлийз үхэр нь монгол үхэрнээс 5-10 дахин их сүү, махны үхэр 60-70 кг-аар их мах өгдөг аж. 1990 оны сүүлчээр цэвэр эрлийз үхэр 252.4 мянга, цэвэр эрлийз хонь 1.2 сая, цэвэр эрлийз ямаа 427.9 мянгад хүрч, зохиомол хээлтүүлгийн аргаар жилд 1.9 сая хонь, 40 мянга гаруй үнээг хээлтүүлж байжээ.
Малын зохиомол хээлтүүлгийн төв станц 1985-1990 онуудад нийт нэг сая тун үр үйлдвэрлэн, зохиомол хээлтүүлэгт 569 мянган тун үрээр давхардсан тоогоор 144 мянган үнээ хээлтүүлж, хар тарлан, алатау, симменталь, талын улаан, лиммузин, герефорд бухны бүгд 439.2 мянган тун үртэй болсон байна. Үүнээс гадна 1995 оноос хойш Орхон, Ерөө, Хангай, Халх, Байдраг, Үзэмчин, Барга үүлдрийн хуцны, Баяндэлгэрийн улаан, Залаа жинстийн цагаан ухны үрийн зохих нөөцтэй болжээ.
УИХ-аас 2017 оны арванхоёрдугаар сард Малын генетик нөөцийн тухай хуулийг баталж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зэрэгт бодлого, зорилтоо чиглүүлж байна.
Б.Лхам