Нэгэн үе нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган нийслэлийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн тасралтгүй хөвөрдөг байсан бол өдгөө энэ нүүдэл саарах тийшээ ханджээ. Энэ нь өнгөц харахад нийслэлд шинээр суурьшлийг хязгаарласантай холбоотой мэт боловч яг үнэндээ иргэд агаарын бохирдлоос дайжиж, нийслэлээс зугтах эрмэлзэлтэй болсонтой шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 1.3 сая иргэн Улаанбаатар хотод багтаж, шингэхээ байгаад зогсохгүй амь зогоохын тулд үйлдвэрлэсэн утаагаараа биесээ хордуулсаар 10-аад жилийн нүүр үзэв. Энэ хугацаанд утаатай тулалдахад зориулж улсын болон орон нутгийн төсвөөс олон зуун тэрбум төгрөг зарцуулсан ч тусыг эс олсон. Эцэстээ жирэмсэн эмэгтэйчүүд болон нялх балчир үрс гол бай болсноор нийслэлд амьдардаг олонх хүүхэд харшил, уушгины бронхит өвчтэй болоод байна. Энэ байдал даамжирвал уушгины хорт хавдар, сүрьеэ болох эрсдэлтэй гэх. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдэгдэж буйгаар Монгол Улсын иргэдийн олонх нь 30 жилийн дараа сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй гэж буй. Нөгөөтэйгүүр, харшил хэзээ ч эдгэдэггүй муу зуршилтай өвчин. Монголчууд бид өвөр түрүүндээ орж, дайсагналцаж суух зуур ирээдүй болсон хүүхдүүд маань ийн хордож насан туршийн эмгэгтэй болж байна. Тиймдээ ч аргаа барсан ээж, аавууд утаатай Улаанбаатараас дайжих сонголтыг эхнээсээ хийгээд эхэлчихэж. Тэдний ч зөв. Нүүрс хүчлийн хийгээр амьсгалж өөрийн болон үр хүүхдээ хордуулж суухаар оройтохоос нь өмнө хурдхан шиг дайжсан нь дээр. Тэдний нэг бол Б.Урнаа гэх бүсгүй.
Тэрбээр гурван охиноо ганцаараа өсгөж буй эгэл жирийн монгол эмэгтэйчүүдийн нэг. Ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа дээшлүүлэхээр Өвөрхангай аймгаас гурван жилийн өмнө нүүж ирсэн. Охид нь сургууль, цэцэрлэгт орж, Б.Урнаа хувийн компанид нягтлан бодогчоор ажилд оров. Амьдрал нь дээшилж, хоёр өрөө байр линзингээр авав. Гэвч нийслэлд суурьшсан энэ хугацаанд бага охин нь долоон удаа, том охин нь дөрөв, дундах нь гурван удаа хатгаа авчээ. Зундаа агаар салхинд гаргаж, амин дэмтэй хоол, тэжээл өгөөд ч тусыг эс олж, эцэстээ охид нь уушгины бронхиттой болсон байна. Хэдийгээр Урнаа мэргэшсэн нягтлан бодогч ч гэлээ “Үр хүүхдийнхээ асуудлаа шийдэж чадахгүй бол ажлаасаа гараарай” гэж захирал нь лүндэн буулгасан байна. Орлогогүй болчихвол лизингээ төлж чадахгүй. Тиймээс охидоо өвдөх бүрт гэрээрээ эмчлэх болжээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс бага охин нь дахин ханиад хүрэв. Өрхийн эмчээс зөвлөгөө авч гэрээр эмчилсэн боловч дээрдэхгүй байсаар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэв. Эмч нарын авралын охины бие дээрдэж, өмнөх шигээ ход ход хийн инээж ээжийнхээ өвөрт эрхлэх болсон. Гэсэн ч дахин хатгаа авч тариулах вий гэхээс Б.Урнаа айсандаа хөдөө гарч амьдрахаар шийдснээ дуулгасан юм. Тэрбээр “Охидынхоо боловсрол, авдаг цалингаа бодохоор нийслэлд суурьшихаас өөр арга алга. Охид маань өвөл болохоор ханиад хүрдэг. Өнгөрсөн жил том охин маань хатгаа авч сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Энэ үед маш их хэцүү байсан. Хөршүүдээ сайн танихгүй хэрнээ хоёр охиноо даатгаж үлдээгээд, томыгоо сахисан. Азаар охин минь амьдарсан. Гэвч хэд хоногийн өмнө бага охин хатгаа авч бие нь муудлаа. Одоо ахиж тэвчиж чадахгүй нь. Охидоо зовоож байхаар эрүүл агаарт амьдарсан нь дээр” гэсэн юм.
Энэ бол Монголын мянга мянган өрхөд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл. Монгол Улсад 2010 оноос агаарын бохирдолтой нүүр тулж, 2013 оноос гамшгийн төвшинд хүрсэн. Энэ үеэс жирэмсэн эмэгтэйчүүд болон нялх балчир үрс утааны гол бай болж, мянга мянгаараа эмнэлгийн үүд сахих болов. Энэ байдал жил ирэх тусам даамжирсаар өнөөдөр нийслэлийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн бүх ор дүүрч, улмаар коридор, үүд хавиар зэрэгцүүлэн өрсөн орон дээр аврал эрсэн харцтай бяцхан үрс энэлэн шаналж байна. Яг ийм нөхцөл байдалтай байгаа эмнэлгийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг юм. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 280 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэх тасгийн давхарын хаалганаас эхлээд коридороор эгнүүлэн өрсөн орон дээр аврал эрсэн балчир үрс уйлагнан хэвтэхтэй зэрэгцэн сахиур, эмч, сувилагч, асрагч нарын хөл хөдөлгөөн завсаргүй хөврөх аж. Ийм шаналж буй балчир үрсийн нэг нь Б.Урнаагийн охин бөгөөд өдгөө дөрвөн настай. Гурван жилийн өмнө Улаанбаатар хотод суурьшсан тэр цагаас зургаан удаа хатгаа авсан гээд боддоо. Охины өвчин эцэстээ хүндэрч уушгины бронхиттой болсон нь хатгаа авах, хүндрэх гол шалтгаан болсон байна. Охиныг бүрэн эдгэрэх эсэх нь цэвэр агаараас хамаарна гэсэн болохоор тэрбээр ийнхүү хотоос дайжихаар шийдсэн нь энэ. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар болон Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнуудын хэлснээр агаарын бохирдолд нэврэгдснээс болж жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд бронхит, харшлаар өвчлөх нь нэмэгдсэн байна. Энэ байдал даамжирвал 30 жилийн дараа монголчуудын олонх нь уушгины сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй гэсэн аймшигтай мэдээг дуулгасан.
Ямар үнэ цэнээр утаатай Улаанбаатар хотод үлдэх вэ
Өнөөдрийн байдлаар нийслэлийн бүх дүүрийн Нэгдсэн эмнэлэгүүдэд ор нэмж байршуулаад буй. Өөрөөр хэлбэл, давхрын хаалгаар орохоос эхлээд коридорт хоёр хүн зөрж багтахгүй болтол нь ор эгнүүлэн өрнөсөн. Нэг эмнэлэгт багадаа 300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж тооцвол, нийслэлийн зургаан дүүрэг, бусад хувийн эмнэлэгт нийтдээ 3000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж буй гэсэн тооцоо бий. Энэ тоог ч холбогдох албан тушаалтнууд хүлээн зөвшөөрсөн. Нэгэн үе жирэмсэн эх болон 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг агаарт үнэгүй амраах тухай яригдсан. Улсаас олон тэрбум төгрөг гаргана гэсэн яриа байсан ч энэ мэдээг хүн бүр таатай хүлээж аваагүй. Учир нь тэдэнд нэг удаа агаарт гарч амрах бус харин үр хүүхдээ насан туршдаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа чухал болохоор тэр. Үндсэн хуульд заасан эрхээ бүрэн эдлэхийг хүссэн дээ тэр шүү дээ. Тиймдээ ч тэд эсэргүүцсэн. Өнөөдөр шинэ оны эхний өдөр. Өдөр өнгөрөх тусам хүйтэрч дагаад агаарын бохирдол дээд цэгтээ хүрч өвчлөл нэмэгдэнэ. Хаашаа л харсан ханиад хүрч, халуурсан хүмүүс. Яг энэ цаг үед Б.Урнаа бүсгүй шиг утаатай Улаанбаатараас дүрэвсэн ээж, аавуудын цуваа үргэлжсээр байна. Хамгийн наад зах нь гэхэд жирэмсэн эмэгтэйчүүд хөдөө орон нутагт очиж төрөх сонирхолтой болсон нь Дархан-Уул, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймагт амаржихаар хотоос ирсэн эмэгтэйчүүдийн тооноос харж болно. Хэдхэн жилийн өмнө л эхчүүд нийслэлд амаржихаар зүтгэдэг байсан бол өдгөө эсрэгээрээ эргэсэн нь энэ. Тэд үр хүүхдээ хэзээ нэг өдөр сүрьеэ өвчний саварт алдахаас хамгаалахын тулд ийм сонголт хийсэн. Тиймээс л утаатай Улаанбаатарт үлдэж буй ээж, аавуудад хандаж хэлэхэд бид ямар үнэ цэнээр энд үлдэх вэ. Нүүлээ гэхэд юуг орхиж нүүх вэ. Энэ асуултын аль нь чухал бэ гэдгийг ухаж ойлгоосой гэж хүснэм.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (9)