УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр 23 цагт хуралдлаа. Хурлаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нар үг хэлэв. Л.Оюун-Эрдэнэ "Гадаа суулт хийж байгаа иргэдээ ойлгож М.Энхболд дарга маань хуулийн хүрээнд гарц гаргалгаа хийж байна гэж ойлголоо. Танд талархаж буйгаа илэрхийлье.
Жагсаал болсон өдөр иргэдээ яаж тараах вэ гэдэг амаргүй нөхцөл үүссэн. Таны өрөөнд ёсзүйн хэм хэмжээ зөрчсөн ийм үйлдэл гаргасан бол уучлаарай М.Энхболд дарга аа. Уучлалтыг минь хүлээж авахыг хүсч байна. Тэр үед бидний хүлээлттэй ирсэн нөхцөл байдлаас тэс өөр байсан учраас жагсаалын үеийн нөхцөл байдал, уур амьсгалаас ийм тийм зүйл болсон гэдгийг танд хэлэе. Мөн танд баярлалаа.
Ер нь хувь хүнд зориулж хууль батлана гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Энэ бол парламентын дархлаа бусад зүйлтэй холбоотой гэдэг миний санал хэвээрээ. Одоо ч танд өргөдлөө гаргаж өгөх боломж байгаа. Хуулийн хугацаанд асуудал шийдэгдэх юм байна гэж ойлголоо. Тийм зарчмын тохиролцоонд хүрч байна гэж ойлголоо" гэв. Дараа нь тус байнгын хорооны дарга Л.Лүндээжанцан "Одоо Ж.Мөнхбат, Л.Болд гишүүн хоёр бие биенээсээ уучлалт гуйна гэсэн үү. Эхлээд аль нь хэлэх юм. Бие биеэндээ хатуу үг хэлсэн.
Тэр нь олон нийтэд хүрсэн. Тиймээс Төрийн байгуулалтын хорооны хурлаар, мөн Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд болох гэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийнхаа өдрийн өмнө манай УИХ-ын гишүүд бие биенээсээ уучлалт гуйж ойлголцох шаардлага байна гэж манай хүмүүс ярьсан" гэв. Үүний дараа Л.Болд, Ж.Мөнхбат гишүүд үг хэлснэээр байнгын хорооны хурал өндөрлөсөн юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (36)