Хэдхэн цагийн өмнө Лас Вегасын рингэн дээр Филиппиний алдарт боксчин, энэ жил 40 настай Мэнни Пакьяо Америкийн 29 настай боксчин Эдриан Бронерийг буулган авч Дэлхийн боксын холбооны аваргын бүсээ хамгаалан үлдэж чадсан байна. Тэгвэл тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр Пакьяо Америкийн боксчин, босоо аварга Флойд Мэйуэдерийг дахин тулаанд дууджээ.
Тэрээр Дэлхийн боксын холбооны (WBA) 66 кг хүртэлх жингийн аваргын төлөөх тулаанд Эдриан Бронертэй 12 раунд тулалдсаны эцэст шүүгчдийн шийдвэрээр буюу онооны давуугаар ялалт байгуулсан байна. Тулааны дараа Пакьяо "Рингэн дээр дахиад гараад ир гэж Мэйуэдерт хэл. Хэрвээ тэр спортдоо эргэж ирэх юм бол би түүнтэй дахин тулахад бэлэн байна" хэмээн өгүүлжээ.
Хоёр алдарт боксчиний хоорондох "Зууны тулаан" хэмээн нэрлэгдсэн тулаан 2015 оны тавдугаар сарын 2-нд Лас Вегаст болж байв. Тэрхүү тулаанд Мэйуэдер онооны илүүгээр ялсан бөгөөд дэлхийн боксын гурван том холбооны нэрэмжит аваргын бүсийг зүүсэн юм. Мөн тус тулааны шагналын сан түүхэн дээд үзүүлэлтийг эвдсэн буюу Мэйуэдер 210 сая ам.долларыг, Пакьяо 120 сая ам.долларыг тус тус халаасалсан билээ.