Кибер аюулгүй байдал дахь ТӨРИЙН оролцоо
2019-02-20

УИХ-ын эрхэм гишүүн өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаад сүртэй мэдэгдлүүд цувуулж өгөв. Манай улсад кибер аюулгүй байдал гэдэг юм ер байхгүй, Үндэсний аюулгүй байдал алдагдаад баларч байгаа юм байх. Хаанаас уншсанаа ч өөрөө санахгүй байгаа бололтой Монгол улс кибер аюулгүй байдлаар 103-т орчихсон байна гээд дахин дахин гомдоллох нь ямар нэгэн юмаа алдчихсан гэмээр. Эрхэм гишүүний ярианы гол сэдэв болох гадны хэд хэдэн сайт дээр гарсан Үндэсний Дата Төв хакдуулсан гэсэн мэдээний талаар би өмнө нь ч бичиж байсан (Төрийн байгууллагуудын цахим хаягийг хакердсан гэх дуулианы учир нийтлэлийг энд дарж уншина уу), мөн ҮДТ-ээс MNSEC2018 хурал дээр дэлгэрэнгүй тайлан илтгэл ч тавьсан. Харин энэ асуудлаас болж манай улсын ямар нэг индекс өөрчлөгдсөн гэдэгт бол эргэлзэж байна.

 

 

Тухайн улс кибер аюулгүй байдлын хувьд ямар түвшинд явааг илэрхийлдэг олон янзын индекс байдаг. Хамгийн нейтраль бөгөөд арилжааны зорилгогүй нь International Telecommunication Union (ITU)-ээс гаргадаг Global Cybersecurity Index (GCI) юм. Уг индексийг гаргахдаа

 

  1. Хууль эрхзүй буюу кибер орчны хуульзүйн зохицуулалтууд хэр бий болсон
  2. Техникийн орчин буюу шаардлагатай техникийн институци, тэдгээрийн ажиллагааны фрэймвөүрк тодорхой эсэх
  3. Зохион байгуулалтын нөхцөл байдал буюу кибер аюулгүй байдал хариуцсан институци хоорондын уялдаа холбоо тодорхой эсэх
  4. Чадамж бүрдүүлж буй байдал буюу үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлаар мэргэшүүлэх хөтөлбөр, сургалтын програм байгаа эсэх
  5. Хамтын ажиллагаа буюу гадна дотны хамтын ажиллагааны дэд бүтцүүдэд нэгдсэн эсэх

 

гэсэн үзүүлэлтүүдээр ITU-ийн гишүүн орнуудад санал асуулга авч тодорхойлдог, үндсэндээ тухайн улс орны кибер аюулгүй байдалдаа хэр ач холбогдол өгч чухалчилж үздэгийг илүү анхаарч судалдаг индекс юм. Хамгийн анх ITU-с туршилтын хувилбар болгож 2014 онд 105 улсаас асуулга аван нийт 29 байранд жагсаан бичсэнээс Монгол Улс 15-р байранд Кени, Шри-Ланкатай зэрэгцэн орсон байна.  

 

Түүнээс хойш энэхүү судалгааны аргачлалыг нэлээд өөрчлөн 2016 оны датанд үндэслэн 2017 онд тайлан гаргасныг мань гишүүн иш татсан бололтой.

 

2017 оны тайланд Монгол улсын авсан оноог доорхи зурагт харуулав. Улаанаар тэмдэглэсэн үзүүлэлт бол нийт судалгаанд оролцогчдын хамгийн муу 33%-д багтаж буйг харуулж буй бол шар нь дундаж 33-65%-д багтаж буй, ногоон нь бусад оролцогчдын 65%-иас дээш үзүүлэлттэй байгааг илтгэнэ.

 

 

 

Үүнээс үзэхэд Монгол улс кибер аюулгүй байдалдаа бараг огт анхаардаггүй болох нь харагдана. Гэхдээ үүнд гүйцэтгэлийн нэгж гэхээсээ өнөөх сүржин мэдэгдэл хийдэг УИХ гишүүний харъяалагддаг бодлого боловсруулагчид хамгийн чухал үүрэгтэйг харж болно. Монгол улсын хувьд кибер аюулгүй байдлын эрхзүйн зохицуулалт нь Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлалд 2010 онд тусгаж өгсөн ганц өгүүлбэрээс өөр зүйл үнэндээ байхгүй, МАБ-ын тухай хууль өчнөөн хувилбараар 3 парламент дамжиж яригдсан ч ядаж эхний хэлэлцүүлэг хүртэл явсангүй, энэ хуулийг дэмжиж спонсорлох гишүүн ч байхгүй байгаагаас хэн нь ажлаа хийхгүй байгаа нь илүү тодорхой харагдана. Хамгийн сүүлд гэхэд 2018 оны 9 сард МАБ-ын тухай хуулийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцоход хуулийн үзэл баримтлалыг өөрчлөн найруулж мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах биш харин цахим орчин дахь мэдээллийг хянах утгатай болгосон байлаа. Уг хэлэлцүүлэг дээр мэргэжилтнүүд шүүмжилсэнээс болсон уу өөр шалтгаантай юу ямар ч гэсэн өнөөх төслийг буцаан татсан бололтой Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн Газарын вэб дээр байхгүй болжээ.

 

Гэхдээ сүүлийн хоёр жил бандааш, боовны хэрүүл хийхээс хэтрэхгүй байгаа, тал нь шахуу ЖДҮХС-аас мөнгө хулгайлсан өнөөгийн парламент ийм нарийн мэргэжлийн асуудлаар ашиг сонирхолын зөрчилгүй хууль баталж чадна гэдэгт яг үнэндээ эргэлзэж буй учир энэ парламентын бүрэн эрхийнх нь хугацаанд энэ хуулийг батлуулаагүй байсан нь дээр гэж хувьдаа бодож байна.

 

Ямартай ч мань УИХ гишүүний сүржин мэдэгдлийн ард хувийн бяцхан эрх ашиг л нуугдаж буй төдий болов уу гэж би хувьдаа хардаж байна. Түүнээс аавынхаа сургуулийг арай гэж төгссөн нөхөрт технологийн болон аюулгүй байдлын бодлого боловсруулах нь арай ахадсан ажил байх.  

 

Эх сурвалж: 2014 Global Cybersecurity Index: https://www.itu.int/en/ITU-D/Cybersecurity/Documents/GCI_Global_2014_results.pdf

2017 Global Cybersecurity Index: https://www.itu.int/dms_pub/itu-d/opb/str/d-str-gci.01-2017-pdf-e.pdf

 

Аюулгүй байдлын мэргэжилтэн М.Отгонпүрэв

Shuud.mn
Сонин хачин
Поп:
Их чухал асуудал хөндсөн жинхэнэ судалгаа бна гээд уншсан чинь дөнгөж оршил маягийн юм бичээд л дуучихсан байх юм. Олон улсын судалгаа энэ тэрээс иш татаад л овоо явж байснаа гэнэт дуусчихсан байх юм. Сүртэй нэртэй поп нийтлэл юмуудаа.
2019-02-21
Зочин:
За овоо доо. сайн бичжээ.бичээд бай залуус аа.Сүржин мэдээлэл хийж буй учрал гишүүн гэгчийг хараад бүр уур хүрсэн. Мэргэжлийн биш надад хүртэл инээдтэй байсан.тэнд өөрийн хүнээ тавих мулгуу бодол л байгаа гэж харсан.танил технологи,,.?!!!!'
2019-02-20
Zochib:
Gg
2019-02-20
Ukhsend ni omoordgiin. Shuuren shaaga bj
2019-02-20