"Оюуны-инноваци" ТББ-ын судлаач, хуульч Б.Төрболдтой ярилцлаа.
-Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг ямар шалгуураар сонгож авдаг вэ?
-Шүүхийн захиргааны хууль гэж батлагдсан. Энэ хуульд заасны дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн (ШЕЗ) гишүүнийг нэр дэвшүүлж, сонгон шалгаруулж авдаг. Ингэхдээ ШЕЗ-ийн гишүүнээр Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголын Хуульчдын холбоо гэсэн таван байгууллагаас нэр дэвшүүлдэг.
ШЕЗ-ийн гишүүнийг сонгох процесс нь тус бүрдээ өөр өөр байдаг. Анхан, давах, хяналтын шатны шүүхээс нэр дэвшиж байгаа ШЕЗ-ийн гишүүнийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний хурлаар шийдвэрлэдэг.
Жишээлбэл, Анхан шатны шүүхийн шүүгчдийн 90 шүүх байлаа гэхэд тэр шүүгчдийн хуралдааны шийдвэр, мөн давж заалдах шатны 26 шүүгчдийн зөвлөгөөн, Улсын дээд шүүхийн 25 шүүгчдийн зөвлөгөөний хурлаас нэр дэвшигчийг тодруулж Ерөнхийлөгчид өргөн барьдаг. Харин Хууль зүй, дотоод хэргийн яам буюу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ШЕЗ-ийн нэг гишүүнийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд өргөн барьдаг.
Өөрөөр хэлбэл, сайдын нэр дэвшүүлсэн ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг шууд Ерөнхийлөгчид өргөн бариад томилогддог гэсэн үг. Хуульчдын холбооны тухайд тус холбооны шүүгчдийн хороонд нэр дэвших процесс явагддаг.
Нэр дэвшүүлэхээр шүүгчдийн хороо ШЕЗ-ийн нэр дэвшигчийг 30-с доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдээлсний дараа ШЕЗ-ийн гишүүнд хуульд заасан шаардлага болзлыг хангасан хүн өөрийн нэрийг дэвшүүлэх боломжтой байдаг. Хуульчдын холбоонй шүүгчдийн хорооны удирдах зөвлөл хуралдаад нэр дэвшигч бүр дээр нэг бүрчлэн нууц санал хураалтаар гурав хүртэлх гишүүнийг сонгон шалгаруулж түүнийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид өргөн барьж, өргөн барьсан гурван хүний нэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид томилуулахаар санал болгодог. Ийм процессоор ШЕЗ-ийн гишүүнийг томилдог.
-Ерөнхийлөгч ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа П.Батсайхан нарыг тэтгэвэр тогтоолгох насны хязгаар болсон хэмээн 62 настайд нь ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл 63 настай ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржыг чөлөөлөөгүй. Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж болох уу?
-Ерөнхийлөгчийг яг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй. Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна гэж заасан. Харин Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах тухай хуульд 2017 онд өөрчлөлт орж төрийн алба хаах насны дээд хязгаар мөн 65 болсон байгаа.
Хэрэв тухайн хүн өөрөө хүсвэл 60 насандаа тэтгэвэрт гарч болно гэсэн зохицуулалттай. Эндээс харахад тухайн албан хаагч өөрөө 65 хүртэл ажиллая гэсэн саналыг гаргах эрх байгаад байдаг гэтэл О.Зандраа болон П.Батсайхан гишүүн 62 настай хүмүүс байна.
Ерөнхийлөгч тэдгээр гишүүдийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг үндэслэлээр чөлөөлсөн. Харин ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж 63 настай хэрнээ ШЕЗ-ийн 62 настай хоёр гишүүнийг чөлөөсөн хэрнээ нэг насаар ах даргыг нь яагаад чөлөөлөөгүй вэ гэдэг маргаантай, сонин асуудал гарч ирээд байна.
Мөн чөлөөлсөн хоёр гишүүний бүрэн эрх дуусахаас дөрвөн сарын өмнө чөлөөлсөн байгаа юм. Энэ бол хууль хоорондын уялдаа холбооны асуудлууд хуулийг яаж ойлгох уу гэдэг асуудал урган гарч байна.
-Ерөнхийлөгчийн гаргасан энэ шийдвэрийн цаад зорилгыг юу гэж үзэж байна вэ. ШЕЗ Ерөнхийлөгчөөс хараат байна гэж ойлгож болох уу?
-Шууд тэгж хэлж болохгүй. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой байсан. Үндсэн хуульд заасан нас, хүйсээр ялгаварлахгүй гэсэн заалт бий. Гэвч насаар нь ялгаварлаж, ижил тэгш байх зарчим алдагдсан гэдэг дээр асуудал яригдаж байгаа гэж үзэж байна.
-ШЕЗ бие даасан байж чаддаг уу. Иргэдийн дунд Ерөнхийлөгчөөс хараат шийдвэр гаргаад байна гэж хардах тохиолдол байдаг шүү дээ. Тухайлбал, ШЕЗ-ийн томилгоог ийн хардах нь их байдаг?
-Ерөнхийлөгчийн мэдэлд байна гэж шууд ойлгож огт болохгүй. Нэр дэвшүүлэх, сонгох, томилох процесс дээр дурьдсан таван байгууллагаар дамждаг. Ерөнхийлөгч тухайн хүнийг томилох эрхтэй. Үүнээс гадна хууль зөрчигдөөд байгаа нэг асуудал байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 15-нд зарлиг гаргаж О.Зандраа гишүүнийг чөлөөлсөн. Шүүхийн захиргааны тухай хуулийн 13.7-р зүйлд “ШЕЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн бол дараагийн гишүүнийг эрх бүхий этгээд сул орон тоо гарснаас хойш 30 хоногийн дотор нөхөн томилно” гэсэн зохицуулалттай. Тэгэхээр өнөөдөр гуравдугаар сарын 2 гэхээр хуульд заасан хугацаа хэтэрсэн байна. Хуульд заасан хугацаанд Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн яагаад хурлаа хийж ШЕЗ-ийн гишүүнийг томилуулах саналаа гаргахгүй байна вэ гэдэг асуудал гарч байгаа юм.
-Хуульд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Хуульд заасан үндэслэлээр тийм хариуцлага тооцно гэсэн зохицуулалт байхгүй. ШЕЗ-ийн нэг гишүүн байхгүй байна гэдэг нь тэнд шүүгчдийг сонгон шалгаруулах ажиллагаа хүний дутуу хийгдэж байна гэсэн үг.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)