Алдарт Зинедин Зидан "Реал Мадрид" клубыг дахин дасгалжуулахаар боллоо
Испаний эзэн хааны клубыг орхисноосоо арваадхан сарын дараа францын алдарт хөлбөмбөгчин, дасгалжуулагч Зинедин Зидан "гэртээ" эргэн ирэхээр болжээ.
Өчигдөр Испаний "Реал Мадрид" клуб таван сарын турш багийг удирдсан дасгалжуулагч Сантьяго Солариг ажлаас нь чөлөөлж, өнгөрсөн жилийн тавдугаар сард ажлаа өгсөн дасгалжуулагч Зинедин Зиданыг буцаан авч байгаагаа албан ёсоор зарлажээ.
Өдгөө 46 настай Зидан "Реал"-ыг дасгалжуулсан хугацаандаа UEFA-ийн Аваргуудын лигт гурван жил дараалан түрүүлсэн итгэмээргүй амжилтыг гаргасан юм. Одоогоор Испаний "La Liga"-д гуравдугаар байрт бичигдэж, тэргүүлэгч "Барселона"-аас 12 оноогоор хоцорч яваа "Реал Мадрид"-ийг тэрээр 2022 он хүртэл дасгалжуулахаар гэрээ хийсэн байна.
Клубын ерөнхийлөгч Флорентино Перез "дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч багтаа эргэн нэгдлээ" гэсэн бол Зидан "гэртээ ирсэндээ маш баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Соларигаар удирдуулсан "Реал Мадрид" хэд хоногийн өмнө Аваргуудын лигт Нидерландын "Аякс" клубт талбайдаа дуулиантайгаар хожигдон тэмцээнээс хасагдаад байв. Түүнчлэн мөнхийн өрсөлдөгч "Барселона"-тай хийдэг "Эль Класико" тоглолтонд хоёр дараалан хожигдсон муу амжилт үзүүлсэн юм.