Израилийн агаарын хүчин болон "Хамас" бүлэглэл өчигдөр буюу даваа гарагийн шөнө Газын зурваст харилцан нэг нэгэндээ пуужингийн цохилт өгсөн болохыг "The Guardian" сонин мэдээллээ.
Тодруулбал "Хамас" бүлэглэл Тель-Авив хотын хойд хэсгийн хорооллууд руу пуужин харваж долоон хүнийг шархдуулсны хариу болгон Израилийн талаас Газын зурваст агаараас цохилт өгч, зурвасын хил орчимд цэргийн хүчээ нэмэгдүүлсэн аж.
Израилийн хүчин цохилт өгөхдөө Хамасын удирдагч Исмаиль Ханиягийн байрладаг оффис болон босогчдын дотоод аюулгүй байдлын албаны байр болох Газа хотын төвд байдаг таван давхар барилгыг гол бай болгожээ.
Үүний дараа босогчдын талаас өмнөд Израилийн Сдерот хот руу 10 орчим пуужин харваж хариу цохилт өгсөн ч Израилийн тал ямар нэгэн хохирол амсаагүйг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Уг үйл явдал Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вашингтонд очоод байх үед болсон байна. Мэдээ гарсны дараа тэрээр Америк дахь айлчлалаа дуусгалгүй нутаг буцаж байгаагаа зарлажээ.
Нетаньяхутай уулзахдаа эзэмшлийн хувьд маргаантай байдаг Голаны өндөрлөгийг Израnлийн газар нутаг мөн болохыг хүлээн зөвшөөрөөд байсан Ерөнхийлөгч Трамп босогчдын бүлэглэлийн хийсэн цохилтыг "бүдүүлэг, аймшигтай явдал" хэмээн тодорхойлоод "Израиль улсын өөрийгөө хамгаалах бүрэн эрхийг АНУ үргэлж хүлээн зөвшөөрөх болно" гэжээ.