Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өгсөн амлалтаа үл харгалзан нүүрс олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлжээ
Хятад улс уул уурхайн салбарт илүүдэл олборлолтоо багасгаж, шатах ашигт малтмалын хэрэглээгээ хязгаарлах болохоо амлаж байсан боловч 2018 онд тус улс нүүрсний олборлолтын хүчин чадлаа 194 сая тонноор нэмэгдүүлсэн болохыг "Ройтерс" агентлаг мэдээлжээ.
2018 оны төгсгөлд хятадын дотоодын нүүрс олборлолтын нийт хүчин чадлын хэмжээ 3.53 тэрбум тоннд хүрсэн болохыг Үндэсний эрчим хүчний удирдлагын газраас тайландаа дурдсан байна. 2017 онд энэ тоо нь 3.34 тэрбум тонн байсан аж.
Мөн 2019 оноос эхлэн жилд 22.5 сая тонныг олборлох боломжтой 7 шинэ уурхайн төслийг тус байгууллага хүлээн авснаа мэдэгджээ.
Хэдийгээр нүүрсний олборлолт нэмэгдэж байгаа ч Хятад дахь нийт нүүрсний уурхайн тоо 2017 онд 3,907 байснаас 2018 онд 3373 болон буурсныг дээрх тайлан харуулсан аж. Бээжингийн эрх баригчид сүүлийн жилүүдэд улсынхаа зүүн хэсэг дэх жижиг, ач холбогдол багатай уурхайнуудыг цөөлж, олборлолтыг аль болох баруун зүгийн нутгууд руу шилжүүлэх бодлогыг баримтлах болсон юм.
Нүүрс олборлолтын хүчин чадал их хэвээр байснаар эрчим хүчний хэрэглээнд шатах ашигт малтмалын эзлэх хувийг бууруулах арга хэмжээ үр дүнгүй болж, улмаар Хятад улс 2030 он гэхэд агаар мандалд ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг дор хаяж 40 хувиар бууруулах олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх болохыг "Ройтерс" онцолсон байна.