Испани улс 500 жилийн өмнө Мексикийг эзлэн түрэмгийлснийхээ төлөө уучлал гуйхаас татгалзав
Өнгөрсөн даваа гарагт Мексик улсын ерөнхийлөгч Испанийн эзэн хаан руу албан захидал бичиж Мексикийн нутагт хийсэн эзлэн түрэмгийллийнхээ төлөө улсынхаа нэрийн өмнөөс уучлал гуйхыг шаардсанаа мэдэгдсэн билээ.
Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор даваа гарагт Мексикийн өмнөд хэсгийн Табаско муж дахь эртний Майачуудын пирамидын өмнө зогсоод нутгийн уугуул иргэд Испаний эзлэн түрэмгийлэгч Эрнан Кортезийн эсрэг тулалдсаны 500 жилийн ой тохиож буйг тэмдэглэн үг хэлж, олон нийтийн сүлжээгээр тэрхүү бичлэгээ түгээжээ. Хэлсэн үгэндээ тэрээр 500 жилийн өмнө үйлдсэн аллага болон дараа нь үргэлжлүүлсэн колоничлолын төлөө Испани, Ватиканы төрийн тэргүүнүүд Мексикийн ард түмнээс уучлал гуйх ёстойг онцолсон байна.
Гэвч Испаний талаас Мексикийн ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээж авахгүй болохоо тэр дор нь мэдэгджээ. Испаний ерөнхий сайд Педро Санчезийн гаргасан мэдэгдэлд "500 жилийн өмнө Испаничууд одоогийн Мексикийн нутагт очсон явдлыг орчин үеийн үзэл баримтлалаар шүүн дүгнэх нь учир дутагдалтай зүйл" болохыг онцлон тэмдэглэгдсэн байна.
Түүх сөхвөл 1519 онд Испанийн байлдан дагуулагч Эрнан Кортес цэргүүдийн хамт Шинэ Ертөнцөд очиж, өнөөгийн Мексикийн газар нутагт оршин тогтнож байсан Ацтекийн эзэнт гүрний нийслэл Теночтитланыг 75 хоногийн турш бүсэлж, улмаар халдварт өвчин, өлсгөлөнд нэрвэгдүүлэн мөхөөж байжээ. Ацтекийг бүрэн гартаа авсны дараа Кортез богино хугацааны дотор өнөөгийн Мексикийн газар нутгийн үлдсэн хэсгийг эзэлж, Мехико хотыг байгуулснаар 300 гаруй жил үргэлжилсэн Испаний колоничлолын эрин үе эхэлсэн түүхтэй.