Өнгөрөгч долоо хоног УИХ-ын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд "Жаст"-ын Ш.Батхүү тэргүүтэй хүмүүсийн Стандарт банканд тавьсан өрийг монголчууд төлөх өрөнд орсон юм. Үүнээс гадна БНСУ-ын Засгийн газраас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 7000 өрхийн орон сууц барих ажлын эхлэлийг тавьсан гээд олон үйл явдал болсон юм. Ингээд долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. Стандарт банкны өр тэглэгдсэн ч монголчууд өрөнд оров "Жаст" группийн ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкнаас 160.1 ам.долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрээр батлан даатгуулсан билээ. Тэрбээр зээлээ хугацаандаа төлөөгүй учир Стандарт банк Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд 2013 оны долдугаар сард хандсан юм. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “ОУ-ын арбитрын шүүх энэ асуудлаар 2015-2016 онд дөрвөн удаа хуралдсан. Стандарт банк Эрдэнэт үйлдвэрээс нийт 86.95 сая ам.доллар нэхэмжилсэн. Яагаад Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн гэхээр Эрдэнэт үйлдвэр энэ зээлийн батлан даагчаар оролцсоныг Арбитрын шүүхээс баталгаажуулсан байна. Жастын Ш.Батхүү "Би бүх гарын үсгийг хуурамчаар зураад зээл авсан" гэж хэлсэн ч Арбитрын шүүх ийм шийдвэр гаргасан. Манай тал энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй.
Лондонгийн шүүх анх 86.95 саяыг доллар нэхэмжилсэн. Дараа нь 35.95 саяыг нь хасаад 51 сая ам.доллар нэхэмжилсэн. Энэ шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Манайх энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй Английн дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Гэхдээ шүүхийн процедур нэлээд түвэгтэй юм билээ. Та нар эхлээд давж заалдах эрхээ олж авах ёстой. Эрхээ авахын тулд нэн даруй шүүхээр шийдвэрлэсэн 51 сая долларыг Стандарт банкны дансанд байршуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тухайн 51 сая доллар төлөх боломж байгаагүй. Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийн дараа Стандарт банк Английн Дээд шүүхэд төлбөрийг нэн даруй гаргуулах гомдол гаргасан. Дээд шүүхээс илүү хатуу шийдвэр гаргасан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх, эд хөрөнгийн захиран зарцуулах, худалдан борлуулахгүй байх, Арбитрын шүүхээс гаргасан 41.22 сая доллар, дээр нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Стандарт банкнаас гаргасан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх мөнгөн дүнг банканд байршуулах шийдвэр гаргасан. Энэ шүүхийн эцсийн шийдвэр учир төлөхгүй байх боломжгүй болсон учир Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, төлөхгүй бол ямар эрсдэл гарахыг тооцож үзсэн. Английн шүүхийн шийдвэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээг царцаах шийдвэр гаргаж, энэ тухай Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал авдаг хэд хэдэн компанид мэдэгдсэн байсан. Эрдэнэт үйлдвэрийн өрийг гурав дахь этгээдэд зарах шийдвэр гаргасан нь байдлыг улам хүндрүүлнэ. Тиймээс өрийг даруйхан төлөх нь зүйтэй юм байна гэдэг шийдвэрийг ажлын хэсгээс гаргаж, Засгийн газарт танилцуулсан. Эхний ээлжинд гаднах асуудлаа шийдвэрлээд, дараа нь шүүхийн шугмаар буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцох замаар дотоод асуудлаа шийдвэрлэх шийдэлд хүрсэн.
Бид дундын зуучлагч Америкийн компаниар дамжуулан нэлээд урт хугацаанд яриа, хэлэлцээр хийсний эцэст 40 сая ам.долларыг нэн яаралтай хийвэл асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тохиролцоонд хүрсэн. Ингээд энэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас гаргаж шилжүүлсэн. Нөгөө тал төлбөрийг хүлээн авснаа бичгээр мэдэгдсэн. Тэгэхээр одоо буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, улсад учирсан хохирлыг төлүүлнэ. Энэ төлбөрийг хийснээр Эрдэнэт үйлдвэр Стандарт банкны хоорондох маргаан дуусч байна” гэсэн юм.
Хэдийгээр Монголын тал Стандарт банканд өргүй болж байгаа нь сайшаалтай ч нэг хүний авсан зээлийг Монголын иргэд тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн төлөө хөлс хүч, сэтгэл зүрх, амьдралаа зориулсан ажилчид төлж буй нь хэр зохиомжтой вэ. Буруутай этгээдээр нь нөхөн төлүүлнэ гэсэн Засгийн газрын “яриаг” ажил хэрэг болгох ажил гүйцэтгэх засаглалын хэн нэгнээс хараат бус ажиллагаанаас шалтгаална биз ээ.
2019 оны УИХ-ын хаврын нэгдсэн чуулганыг өчигдөр албан ёсоор нээлээ. Хаврын чуулганаар олон чухал хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны эрхзүйн тухай хууль, Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлогдсон байна. УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж томилсон юм.
Б.Жаргалсайхан нь 1988-1990 онд Өвөрхангай аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, 1990-1996 Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын газарт прокурор, 2009-2011 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2011-2014 онд Тээврийн Прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2015 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга, 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байжээ.
АН-ын бүлэг Засгийн газрыг огцрохыг шаардлаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Хаврын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институти хоорондын уялдааг зөрчилдүүлж, Үндсэн хууль, эрх зүйн актуудыг дур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард нийтийг айдас, бухимдлаар хөглөн турхирч, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж шаардлага хүргүүлж байна” гэсэн юм. Шаардлагад “Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан хүмүүст хариуцлага тооцох, Төрийн бодлого хэрэгжүүлэх Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авилга хавтгайрч, аллага хүртэл гардаг боллоо.
Тиймээс Засгийн газрыг огцрохыг шаардах болно. Мөн Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлийг бид таслан зогсоох ёстой” гэжээ. Цэргийн холбооны тэргүүнээр У.Хүрэлсүх сонгогдлоо Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар Их хурал өнгөрөгч пүрэв гарагт Төрийн ордонд болсон юм. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нараас гадна цэрэг, цагдаагийн дарга нар, ахмад алба хаагч зэрэг 300 гаруй хүн оролцжээ.
Улмаар нийт 950 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгосон юм. Монгол цэргийн нэгдсэн холбооны бүтэц зохион байгуулалтын хувьд тэргүүн болон Удирдах зөвлөлийн 31 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй байх аж. Холбооныхоо ээлжит Их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус хурлыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж байхаар тогтжээ. Холбооны зорилго нь залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлэн бодлого, үзэл баримтлалыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын төр, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлэх аж.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (7)