Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал болон түүний оролцсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Биднийг төрийн айлчлалын хэмжээнд хүлээж авсан. Үүний ач холбогдол нь юундаа байна гэхээр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байгаа. Энэ хүрээнд дээд түвшиндээ төрийн айлчлал хийж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. “Бүс ба Зам”ын форумд оролцохоор БНХАУ-д 150-иад орны төлөөлөгч ирснээс 40-өөд нь төр, засгийн тэргүүнүүд. Эдгээрээс төр, засгийн тэргүүний хэмжээнд таван айлчлал хийгдсэний дөрөв нь Ши Жиньпин даргын түвшинд буюу Төрийн түвшнийх. Эдгээр дөрвөн Төрийн түвшний айлчлалын нэгд Монгол Улс орж байгаа гэсэн үг.
Айлчлалын хүрээнд Хятадын зүгээс харилцааны шинэ хуудсыг нээх ёстой гэж ярьсан. Манай зүгээс бол харилцаагаа шинэ түвшинд гаргахдаа их олон зүйлийг харж, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд тавьж байгаа асуудал бол Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд экспортыг дэмжих хэрэгтэй байна. Экспортдоо уул уурхайн бус салбарын экспортыг нийт худалдааны бүтцэд нэмэгдүүлж өгөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын экспорт байх ёстой. Гэхдээ уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх маягаар худалдаагаа тэлж экспортын бүтээгдэхүүнээ сайжруулъя гэдэг саналыг тавьсан. БНХАУ-ын тал үүнийг бүрэн дэмжиж байгаа. Ялангуяа бид боловсруулж, нэмүү өртөг шингээсэн хөдөө аж ахуй хүнсний чиглэлийн экспортдоо онцгой анхаарч ажиллая гэж байгаа юм.
Айлчлалын үеэр олон бичиг баримтад гарын үсэг зурсан. Энэ дотор хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх гэрээн дээр гарыг үсэг зурсан. Үүн дээр их нарийн, жилийн хугацаанд яг ямар ямар ажил хийхээ тодорхой зааж өгсөн.
Олон том төслүүдээ эхлүүлье гэж байгаа. Гол анхаарч ажиллах нь соёл, урлагийн салбарт юм байна гэж ярьсан. Дэд бүтцийн хамтын ажиллагаа бидний хувьд чухал салбар. Дэд бүтцийн хамтын ажиллагааны тал дээр хилийн дагуух дэд бүтцээ сайжруулах тухай асуудлыг ярьж байгаа. Гашуунсухайт-Хангимандал болон Замын-Үүд-Эрээний боомтуудаа сайжруулах, Гашуунсухайт-Хангимандалыг олон улсын статустай болгох асуудал дээр нэлээн ач холбогдол өгч ярилаа.
Замын-Үүдэд ажлын цагийг уртасгах, гуравдагч орны машиныг нэвтрүүлдэг болох зохицуулалтуудыг нэн даруй хийх шаардлагатай байна гэсэн асуудлуудыг түлхүү ярьсан. Энэ бүгд бол эргээд ард иргэдэд үр дүн нь хүрэх асуудлууд юм. Монгол Улсад илүү өгөөжтэй зүйл нь экспортын чадавхыг нэмэгдүүлэх алхам юм. Ингэвэл ажлын байрыг илүү олон болгоно гэсэн асуудлыг тавьсан. Хятадын тал үүнийг ойлгож хүлээж авч байгаа” гэжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)