Заан цолтны хүндэтгэлийн барилдаанд Улсын харцага Б. Бат-Өлзий түрүүллээ
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, хошууч генерал, улсын заан Чимэдийн Мижидийн дурсгалыг мөнхжүүлэх, Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан өчигдөр буюу бямба гарагт Бөхийн өргөөнд боллоо.
Монгол улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх тус барилдаанд зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын уугуул улсын заан Батзоригийн Батмөнх үзүүрлэлээ. Харин их шөвөгт аварга Батсуурь, арслан Оюунболд нар үлджээ.