Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө.
Тус Нацү башёд түрүүлсэн бөх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас цом гардаж авна гэдгийг бид өмнө нь мэдээллэсэн. Уг шагналыг гардаж авах хамгийн магадлал өндөр бөхөөр тодорч байсан Их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас башёг өнжсөн. Тэгвэл өчигдрийн барилдаанд такасаго дэвжээний бөх Асанояма өрсөлдөгч Гоэйдог давснаар 12 даваа 2 унаатай болж, Нацү башёд түрүүлэх нь тодорхой боллоо.
Тэмцээнийг манлайлан барилдаж байсан Какүрю М.Ананд өчигдрийн барилдаанд өвдөг шороодсоноор Асаноямад байраа алдсан юм.
Рэйва он тооллын анхны башёд түрүүлэх бөхчүүдийн таамгийг тэргүүлж байсан Их аварга Хакүхо М.Даваажаргалын араас түрүүлэх магадлалтай бөхөөр Озеки Такакэйшёо тодорч байсан. Гэвч тэрбээр мөн л бэртлийн улмаас тэмцээний дундаас өнжсөн. Такакэйшо башёд дахин орж ирсэн ч өвдөг шороодсоноор таамгаас хасагдсан юм.
Ийнхүү япон бөх Рэйвагийн анхны башёд түрүүлж, Дональд Трампын гараас цом авах нь тодорхой болж байна.
Г.Эрдэнэ