АНУ-ын виз мэдүүлэгчийн ЗААВАЛ мэдэх ӨӨРЧЛӨЛТ
2019-06-03

 

АНУ-ын Төрийн департамент цагаачлалын болон цагаачлалын бус виз хүсэх өргөдлийг өөрчлөн, шинээр журам гаргажээ. Ингэснээр Америкийн виз хүсэхээр мэдүүлсэн хэн бүхэн АНУ-ын Элчин сайдын яамны эрх бүхий ажилтанд олон нийтийн сүлжээн дэх хуудсаа үзүүлэх журамтай болж байгаа гэнэ. 


ВВС агентлагийн мэдээлснээр шинэ дүрэм тавдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болжээ. “Виз мэдүүлэгчдээс нэмэлт мэдээлэл цуглуулснаар тухайн хувь хүнийг шалгах, мэдээллийг баталгаажуулах явцыг сайжруулна” гэж Төрийн департамент мэдэгдсэн байна. 

 


Өөрчлөлт хэнд хамааралтай вэ? 


Шинэ журам визний ихэнх төрлүүдэд буюу аялал жуулчлалын, оюутны, ажлын визний ангилалд хамаарах юм байна. Харин дипломат виз болон албан ёсны төлөөлөгчдөд зориулсан визээр АНУ нэвтрэх гэж буй хүмүүс олон нийтийн сүлжээн дэх хуудсаа мэдээлэх шаардлагагүй гэнэ. 


Ийнхүү шинэ журам гарснаар жилд 14.7 сая орчим хүн виз мэдүүлэхдээ олон нийтийн сүлжээн дэх хуудсаа шалгуулах болох нь гэж ВВС мэдээлжээ. 


 

Юу өөрчлөгдөв? 


Төрийн департаментын эрхзүйн актад өгүүлснээр виз мэдүүлэгчид олон нийтийн сүлжээн дэх хуудасныхаа талаарх мэдээлэл, цахим шуудангийн хаяг, мөн сүүлийн таван жилд ашигласан утасны дугааруудынхаа мэдээллийг өгөх ёстой юм байна. 


Энэ өөрчлөлт орохоос өмнө АНУ-ын виз мэдүүлэгчид зөвхөн утасны дугаар болон цахим шуудангийн хаягаа л мэдүүлэгт бичдэг байлаа. Түүнчлэн Фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хэрэглэгчийг дээрх мэдээлэл буюу утасны дугаар, цахим шуудангийн хаягаар нь олж болдог байсан юм. Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээнүүд хувь хүний нууцлалын тохиргоог өөрчилснөөр дээрх мэдээллээр олон нийтийн сүлжээн дэх хуудсыг олох боломжгүй болгосон.  Тиймээс виз мэдүүлэгчдээс олон нийтийн сүлжээн дэх хуудасных нь хаягийг шаардан, түүгээр нь дамжуулж олон төрлийн мэдээлэл авахаар тусгасан бололтой. 


Өмнө нь Америкийн эрх баригчид гагцхүү нэмэлтээр шалгах шаардлагтай этгээдүүдээс олон нийтийн сүлжээн дэх хуудасных нь мэдээллийг шаарддаг байв. Тухайлбал алан хядагч бүлэглэлүүдийн хяналтанд байдаг бүс нутгуудад байсан хүмүүсээс энэ төрлийн мэдээллийг шаарддаг байсан юм. 


 

Олон нийтийн сүлжээ хэрэглэдэггүй бол яах вэ?

 
Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээлснээр виз мэдүүлэгч олон нийтийн сүлжээ ашигладаггүй гэж мэдүүлсэн ч энэ нь худал гэдэг нь тогтоогдвол “ноцтой үр дагавар” дагуулах гэнэ. Ийнхүү шинээр нэмэлт арга хэмжээ авах болсон нь “алан хядагчид, нийгмийн аюулгүй байдалд заналхийлэх аюул занал, бусад аюултай этгээдүүдийг илрүүлэн”, улс оронругаа нэвтрүүлэхгүй байхтай холбоотой гэж Төрийн департамент тайлбарлажээ. 


Харин энэ алхмыг хүний эрхийг хамгаалагчид эсэргүүцэж эхлэсэн байна. Иргэний эрх чөлөөг хамгаалах Америкийн зөвлөл “олон нийтийн сүлжээнд хяналт тавих нь үр дүнтэй, шударга алхам гэдгийг батлах ямар ч баталгаа байхгүй” хэмээн мэдэгджээ. Улмаар ийм арга хэмжээ авах нь хүмүүс цахим ертөнцөд цензурт өртөнө хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Za ёстой тэнэг өөрчлөлт бна даа
2019-06-04
irgen:
odoo l zarlaj baina, ternees bish ali heden jiliin omnoos l syljeend yamar hemjeend biee avch yavdagiig ni shaalgadag….hongon amdraliin dyr torhtei zuragaa tavaidag hymyys bol duusaa shdee , yanz byrin zurag torhoor ni ter hyn hen be gedgee haruuldag gej yzdeg, ...
2019-06-03
Zochin:
Za arai ch dee. Hudlaa bailgui dee.
2019-06-03