Дээд Шүүхийг огцрохыг шаардаж, жагсана
Өнөөдөр Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, Хохирогчдын Холбоо, Эв Шинэчлэлт хөдөлгөөн зэрэг ТББ-ууд болон иргэд нэгдэн Монгол Улсын Дээд Шүүхийг огцрохыг шаардан жагсахаа мэдэгдлээ. Жагсаал зохион байгуулагчид Монголын Шүүх засаглалд Үндсэн Хуульд заасан "шударга цэвэр ариун шүүх"-ийг бий болгох, Дээд Шүүх долдугаар сараас есдүгээр сарын дунд хүртэл гурван танхимаараа амарснаар Монгол төрийн үйл ажиллагаа тасалдаж иргэдийн эрх зөрчигдөж байгааг эсэргүүцэн хэд хэдэн шаардлагыг Дээд шүүхэд тавих юм байна.
Жагсаал зохион байгуулагчдын нэг болох Барилга угсралт бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр "Иргэний болон захиргааны шүүхүүд дээр хэргүүд шийдвэрлэгдэж байгаа ч Дээд Шүүх дээр очоод эрх мэдэл, танил талтай хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр болон хувирч байна. Шүүх байгууллагад цэц мэргэн шийдвэр, шударга ёс дутагдаж байна" гэсэн юм. Эдгээр байгууллагууд өмнө нь хэд хэдэн жагсаал зохион байгуулсны үр дүнд гүйцэтгэх, хууль тогтоох засаглалд өөрчлөлт оруулж чадсан ч хууль тогтоох засаглалд шинэчлэлт хийгдэхгүй байна гэж үзэж байгаа юм.
Мөн тэд "удаа дараа зохиосон эсэргүүцлийн жагсаалын үр дүнд МУ-ын Ерөнхий Шүүгч Зориг албан тушаалаасаа огцорсон ч дээд шүүхийн албан тушаалаа хашсаар байна. Шүүгчийн албанд Ганзориг Шүүгчийг дэвшүүлсэн ч , Ерөнхийлөгч хүлээн авалгүйгээр Батзориг шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилосон нь ард түмний эргэлзээг тайлж чадахааргүй, нүдээ олоогүй шийдвэр болсон" гэж үзэж байгаа юм.
Эв Шинэчлэлт Хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Энхбат " Шүүх засаглалд "Манан бүлэглэл"-ийн үед захиалгаар томилогдсон үндэслэлгүй хөрөнгөжсөн, захиалгат бүлэглэлд үйлчилдэг шүүгчид ажиллаж байна. Иймээс хуульд өөрчлөлт оруулах замаар шүүхийг шинэчлэх хэрэгтэй гэсэн юм. "Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" ТББ нь хоёрдугаар сарын 14-нд шүүх байгууллагыг шинэчлэхээр жагсаал зохион байгуулж байсан билээ.
Энэхүү жагсаалын үр дүнд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл зөвлөмж гаргаж хуульд төрийн тусгай алба хаагчдыг солих нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Гэвч энэ шинэчлэлт шүүх байгууллагад явагдаагүй юм байна. Энэ талаар "Глоб" хамтын нийгэмлэгийн тэргүүн Алтантуяа " Шүүгчдийн гэм буруутайг тогтоох ямар ч байгууллага байдаггүй. Шүүгчид ямар нэгэн гэм буруу алдаа дутагдал гаргавал Шүүхийн ёс зүйн хороо ёс зүйн хариуцлага л хүлээлгэхээс эрүүгийн болон эрх зүйн хариуцлага хүлээлгэх заалт байдаггүй.
Шүүгчдийг өөрсдийг нь хамгаалсан хууль байгаа учраас хуулийг өөрчлөөд ч болов шинэчлэлт хийх нь зөв. Тиймээс хууль өргөн барих эрх бүхий субъектууд болох УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч Улсын Аюулгүй байдлын Зөвлөл тэрхүү хуульд нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй" гэсэн юм. Энэхүү жагсаал "Шүүхийн хувьсгалыг Монгол Улсын Дээд Шүүхээс эхэлье" нэртэйгээр маргааш Дээд Шүүхийн гадна талбайд 11 цагаас эхлэх юм. Мөн энэ үеэр нээлттэй микрофон ажиллах тул иргэд үзэл бодлоо илэрхийлэх боломжтой юм байна.