О.Энхнаран: Бидний ирээдүй хүн чанараараа өрсөлддөг ирээдүй байгаасай
Өнөөдөр МУ-ын Засгийн Газар, Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар хамтран "Алсын хараа-25 Z үеийнхэн" уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад нийслэлийн есөн дүүргийн хүүхэд залуучууд оролцож, өөрсдийн дуу хоолойгоо эх баригчдад хүргэн, 20 жилийн дараа улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ярилцаж, илтгэл хэлэлцүүлсэн юм.
Лидер сурагч академийн зөвлөгч тэргүүн О.Энхнаран "Ирээдүйн 25 жилийн бүтээгч, босгогчид нь бидний үеийнхэн юм. Хэрэв төр засгийн эрх мэдэлтнүүд бидний үгийг сонсдог, дэмждэг байвал бид хүссэн ирээдүйгээ бүтээж чадна. Бидний хүссэн ирээдүй хүн чанараараа өрсөлддөг, залуучуудад бие биендээ үнэгүй хөгжил түгээдэг тийм л ирээдүй байгаасай гэж хүсдэг. Залуучууд хөгжих орон зай, хөгжих боломжийг хамгийн ихээр хүсч байгааг томчууд ойлгодог байх нь хамгийн чухал" гэсэн юм.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэг "Хүүхдүүд өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг илэрхийлэх нь улс орны цаашдын хөгжил дэвшил, бодлого тодорхойлоход чухал зүйл. Энэхүү уулзалтын гол зорилго нь залуу үеийнхэнд тулгарч буй асуудлыг сонсох, цаашлаад үүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэн, бодлогоо тодорхойлох юм" гэв.
"Z" үеийнхэн уулзалтад ирсэн 14-22 насны хүүхэд залуус өөрсдийн дуу хоолойг илэрхийлэхийн сацуу сонирхолтой илтгэлүүдийг сонсож санал бодлоо хуваалцсан юм.