Сэрэмжлүүлэг: Хэрлэн, Орхон голд хоёр хүн осолджээ
2019-07-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн амралтын өдрөөр Хэрлэн, Орхон голд хоёр хүн осолдож, амь насаа алджээ.

 

Тодруулбал Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Хангал-Өртөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 172 км-т/ 4 хүн мотоциклоор зугаалж явснаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Г /17 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж 06.30-ны өдрийн 11:50 цагт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн “Хавчиг жалга” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн А /44 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 06.30-ны өдрийн 20:00 цагаас эхлэн  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  “Бунхан толгой” гэдэг газраас  зүүн бетонон гүүр хүртэл 5 км-т 15 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 00:15 цагт түр зогсоосон. 07.01-ний өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн 04:42 цагт “Бунхан толгой” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм. Иймд болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах удирдамж гаргажээ.

 

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 7,8,9 дүгээр сард түр зуурын усархаг аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, гол усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи шуурга болох зэрэг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байна. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, голомтод үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг, сурталчилгааг шат дараалалтай зохион байгуулж, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэх нэгдсэн арга хэмжээг 07 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин