Эргэж заавал очмоор Байгаль нуурын аялал /аян замын тэмдэглэл/

Миний бие сэтгүүлч болсноосоо хойш анх удаа сэтгүүлчдийн хамтаар хилийн дээс алхаж үзлээ. Энэ бол Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо “Мазаалай номадик тур” жуулчлалын байгууллагаас хамтран зохион байгуулсан Итгэлт хамба, Улаан-Үд, Байгаль нуурын аялал юм.

Сонин, телевиз, сайт, радио гээд сэтгүүл зүйн салбар бүрийн 40 төлөөллөөс бүрдсэн автобустай аялал зургадугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky” их дэлгүүрийн зогсоол дээрээс 13 цагийн орчимд 30-36 УБЭ дугаартай улаан өнгийн автобусанд сууснаар эхэллээ.

Аялал эхлэхэд “Мазаалай номадик тур”-ын хөтөч Д.Содномсамдан бид бүхэнд Итгэлт хамба, Улаан-Үд, Байгаль нуурын аяллын хөтөлбөрийн танилцуулсан юм.

Ийнхүү бид хөтөлбөрийн дагуу Аглаг бүтээлийн хийдийг зорилоо. Тус хийд нь Улаанбаатар хотоос 99 орчим км зайд Төв аймгийн Борнуур сумын нутагт байрладаг аж. Энэхүү хийдийг ард олноо “Бурханч лам” хэмээн алдаршсан УГЗ Г.Пүрэвбат байгалийн өвөрмөц тогтцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх зорилгоор байгуулжээ.

Өндөр уулын оройд орших хийдэд хүрэхийн тулд уулын бэлээс цааш зам дагуу явган аялах шаардлагатай. Хийдийн хаалгаар нэвтрэхийн тулд насанд хүрэгчид 5000 төгрөг төлөх учиртай.

Ийнхүү сэтгүүлчид бид бүхэн “Аглаг бүтээлийн хийд”-д хоёр цаг орчим саатсаны дараа Урьхан хэмээх зоогийн газар луу хөдөллөө. Эндээс хөдлөөд нэг их удалгүй бид “Хувь хүний хөгжил” сэдвээр сургалт хийх сургагч багш Ч. Сайхнааг автобусанаас хоцорсныг мэдлээ. Ийнхүү бид “Аглаг бүтээлийн хийд”-д дахин очиж сургагч багшийгаа авч аяллаа цааш үргэлжлүүлсэн юм.

Сүүлд бодоход ямар азаар тус хийд орчимд гар утасны сүлжээ байсан юм гэж бодогдов. Хэрвээ тэнд сүлжээгүй байсан бол бид Хувь хүний хөгжлийн талаар сургалт авахгүй байх байсан биз. Ийнхүү аялалын туршид замдаа автобуснаасаа бууж суухдаа бид нэг л хүнийг бүртгэгддэг байв. Энэ хүн бол бид бүхэнд сургалт хийсэн Ч. Сайхнаа багш юм.

Үүнээс цааш аяллаа үргэлжилсээр дахин хүн орхигдуулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь хилийн боомтод шөнийн хоёр цагийн орчимд хүрлээ. Хоёр улсын хилийн шалган нэвтрүүлэх боомт 24 цагийн турш ажилладаг тул ийнхүү хүн бага үеэр гарахыг эрмэлзэн цагаа тохируулан очлоо.

Манай хөтөч Д.Содномсамдангийн хэлж байснаар оросууд нэг гэдэн нь хөдөлвөл хэдэн ч цаг гааль дээр зогсоочхож магадгүй байдаг гэнэ. Тиймээс биднийг оросын хил дээр очиход чанга ярьж, инээж болохгүйг дахин дахин сануулав. Биднээс тэр аюул нь холуур өнгөрч Оросын хил дээр саатах асуудал гаралгүйгээр нэг цагийн дотор л хил гарчихав.

Ингээд л шууд 45 хүний суудалтай улаан автобусныхаа түлшийг Хиагтын Роснефть шатахуун түгээгүүрийн газраас дүүргэж авав. Яагаад гэвэл тэнд 1 литр бензин 47.20 рубль байсан нь 2040 төгрөг болж байгаа юм.

Монгол, Оросын хил даваад бидний очсон эхний зогсоол Итгэлт хамбын байрладаг Иволган дацан. Итгэлт хамбыг зорьж жилд хоёр сая орчим жуулчин энд ирдэг байна. Энэ талаар Итгэлт хамбын хийд хэрхэн бүтсэн талаарх сонин содон түүхээс хөтөч Д.Содномсамдан хуучлав. Түүний ярианаас надад Итгэлт хамбад очиж сүсэглэн залбирах хүсэл ихээр төрж байсныг нуух юун. Төд удалгүй өглөөний 08:30 цагт Иволган дацаны гадаа ирэн бид бүхэн Итгэлт хамбадаа сүсэглэн мөргөх бие сэтгэлээ бэлтгэв.

Монголчуудыг ирэхэд гэгээнтэн баярладаг, гэсэн ам дамжсан яриа байдаг аж. Тиймдээ ч дацангийн гадна дотно хадаг, яндар, арц хүж, хийгээд шашин номтой холбогдох бүхий л эд зүйлсийг Буриад монголчууд зарж байлаа. Багшдаа барих шар өнгийн нэг ширхэг хадаг 50 рубль буюу 2000 гаруй төгрөг буюу байх юм. Итгэлт хамбад золгохдоо голцуу хоёр өнгийн хадагтай очиж, нэгийг нь хүслээ даатгаад дацанд үлдээж, нөгөөг нь тусгай зангилаагаар зангидуулаад өөртөө авч явдаг заншилтай. Түүнчлэн Итгэлт хамбадаа мөргөх тасалбарыг 250 рублиэр худалдан авдаг байна. Миний бие ч үүний дагуу арван мянга орчим төгрөгөөр тасалбарыг худалдан авч Итгэлт хамбадаа сүсэглэн мөргөв.

Итгэлт хамбадаа мөргөсний дараагаар сэтгүүлч бид бүхэн Иволган дацны хашаан дотор байрлах бурхан руу чиглэн очив. Бурхныг модон саравчинд байрлуулжээ. Бурханд мөргөж хүслээ шивнэхийн тулд 10 алдын цаанаас нүдээ анин ирээд гараар илж хүслээ шивнэх аваас биелэх нигууртай гэсэн тул хүн бүр үүнийг нь туршиж үзлээ. Би ч бүдэрч унах вий хэмээн тун хашир явсаар нэг юм тэр сайхан чулууг нь барьж хүслээ шивнээд авсан юм.

Хүслээ хүнд хэлбэл биелэхгүй гэдэг дам яриа байдаг учир би энэ удаад хүслээ бичилгүй үлдээе.

Хүн бүр сүсэглэн залбирдаг энэ дацангаас цааш хөдөлж, Улаан-Үд хотоор дайран Байгаль нуурыг зүглэлээ. Битүү ой шугуй дундуур 200 гаруй км давхиж, “Сибирийн цэнхэр нүд” гэгддэг үзэсгэлэнт Байгаль нуурын эрэгт байрлах “Байкальские Зори- Ваikal sunrise” амралтын баазад хүрэлцэн ирэв. Бид өөрсдийн байрлах өрөөндөө тээшээ буулган төвхнөөд оройн хоолны дараа зах нь үл үзэгдэх Байгаль нуурын эрэг рүү яаран гүйлээ. Биднийг Байгаль нуурын эрэгт уралдан очиход нуур биднийг намуухан давлагаалж угтан авав. Энэ үед их хотын чимээнд дассан надад үгээр хэлшгүй сайхан мэдрэмж төрж байсан юм.

Байгаль нуурт очсон хоёр дахь өглөөгөө нийслэлийн Сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос санаачлан зохион байгуулсан ээлжит сургалтад хамрагдлаа. Сургалтыг “Amar Investment” ХХК-ийн захирал Ч. Сайхнаа “Хувь хүний хөгжил” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалт хувь хүний хөгжилтэй холбоотой амьдралд ойр жишээг ашиглан ярилцсан учраас сургалт нүд ирмэхийн зуур явагдаж дуусав.

Ийнхүү бид бүхэн хаяад ирэх шахсан Ч. Сайхнаа багшийнхаа сургалтад суусны дараагаар манан татсан нуурын мандал дээгүүр усан онгоцоор арал чиглэн аялав. Байгаль нуураар хөлөг онгоцоор аялахад 500 рубль буюу 20 гаруй мянган төгрөг байдаг байна.

 

Ингэж Байгаль нуурын эрэгт хоёр хоног амарсан сэтгүүлчид буцах замдаа Улаан-Үд хотод саатлаа. Тэнд дэлхийн хамгийн том толгойн хөшөө болох Лениний хөшөө, Арбатын гудамжаар аялан зургаа татуулж, дэлгүүр багахан хэссэний дараа их хот руугаа хүлгийн жолоо залж нийслэл Улаанбаатар хотын МҮЭСТО-ы гадаа зургадугаар сарын 29-ний 19 цагт ирснээр бидний сургалт бүхий аялал маань өндөрлөлөө.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …