Хар ухаанаар...
Хүний хэвлийд байгаа элэг бөөр зүрх тэр хүний өмч гэж олон улсын хүний эрхийн түгээмэл эрх зүйд тунхагласныг хаа сайгүй хадаж, чанд мөрдөж байгаатай адил Монголын хэвлийд байгаа алт эрдэнэс баялаг Монголын ард түмний өмч гээд Үндсэн хуульд цагаан цаасан дээр хараар бичсээр байтал гаднаас нэг ганц ч ногоонгүй ганзагачин ирээд гадаад зээлээс хөрөнгө босгон экскаватор авчраад эрдэнэс алтыг нь суга татан үнэ хүргэж үсэргэнэ гэнэ үндсэн зардлыг юутай хүүтэй нь үхэн үхтлээ төл гэхэд нь Үгүй гэж хэлж чаддаггүй нэрэлхүү зангаасаа болоод бид Оюутолгойгоос өгсүүлээд Ок гээд л олон улсын гэрээн дээр гарын үсэг зураад л байх юм.
Бас хөрөнгө босголцох мөнгөгүй гээд шилээ маажаад байсан мөртлөө Швейцарын банк оффшор дансанд сая саяар нь аваачиж хийгээд мартчихдаг үгүй мөн гүндүүгүй мартамхай улс шүү манайхан.
Мөхөс миний бие монгол хар ухаанаар бодоход уг гэрээний утга агуулга нь Монгол хүн бол аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн, ямар ч химийн хольцгүй эхээс унасан шигээ унаган төрхөөрөө экологийн хувьд хамгийн цэвэр эд эрхтэнтэй гэдэг нь дэлхийн шилдэг лабораториудаар батлагдсан тул тэд эмнэлгийн багаж эмч ажилтантайгаа ирээд Хүний эрх, Үндсэн хуулийг зөрчин байж миний элэг бөөр зүрх бөлдгийг минь суга татан олон улсын зах дээр донор болгон панзлаад эд эрхтнээ сугалуулсныхаа хариуд би холбогдох зардлын 34 хувийг 30 жил юутай хүйтэй нь төлж дууссаны дараа л ашгийнх нь 34 хувийг авах юм байна гэж харьцуулж ойлгоод байгаа, зөв үү?
Гучин жил хамаг байдгаа суга татуулчихаад ашиг машиг авах болов уу яах бол, одоо жар дөхөж байгаа өвгөн би тэр хүртэл тэсэх болов уу яах бол, монгол хүн байна даа ямар ч гэсэн хойд насандаа өргүй л үлдэх юмсан гэж сүүлийн үед бодогдох болов.
Уг гэрээний учрыг гадарлах хэсэг нөхөд нийлээд өөрчилнө хөөнө тууна гээд өрвөлзөн босож ирэхэд нөлөө бүхий нөхрийг маань Лондонд урьж аваачаад ВВС-ээр байцааж байцааж Хөөхгүй ээ гэсэн ам мөчгийг нь аваад авгайхан нь сайн үйлсийн санд сая саяыг хандивлалаа л гэх юм. Үгүй мөн өгөөмөр сэтгэлтэй сайн санаатай сайхан хүмүүс шүү энэ барууныхан.
Монголчууд бид ямар хүний юмнаас нэг ч зоос илүүчлэх санаа бодолгүй хүмүүс болохоор сайн хүмүүсийн өгсөн нэг ч цент гээгдэлгүйгээр олон олон элэг нэгтнүүдийн маань элэг бөөр зүрх гадаад дотоодод эмчлэгдэж эрүүл саруул болж тайлан тооцоо нь холбогдох газарт нь жин тан өгөгдсөн байж таараа.
Газар доорх баялгийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод байна, үлдсэн 98 хувь нь онгоноороо байна, үүнээс хоёрхон толгой нь нийлэхэд л 900 тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэх бөгөөд энэ хоёр толгойгоо мөлжихөд л бид тав зургаан үеэрээ идээд ч барахгүй нь гээд л даналзах хэрнээ арав хорин тэрбумын өр зээлийг аль дээр аваад идээд дууссан гэх юм, ард түмэн эх орон минь яана даа байз, ташуураа бариад мориндоо морд юу, тархиа гашилгаж гарцыг хайя юу.
Yе үеийн засгийн газрын өмчтэй холбоотой зөв бодлого зөндөө бий бий, тухайлбал хөдөөнийхөнд малыг нь хувьчилсан нь Жасрай, хотынхонд байрыг нь өгсөн нь Энхсайхан, хорооллынхонд газрыг нь бэлэглэсэн нь Энхбаяр, хадгаламжтайд нь баталгаа гаргасан нь Баяр, за тэгээд газрын баялгаар ардыг баахан хошхируулсан нь Батболд, галзуу хөгжлөөр улсыг зөндөө амьсгалуулсан нь Алтанхуяг. Галзуу нь ч яахав гол нь зөв хөгжил, газрын баялаг нь ч яахав чухал нь зөв бодлого.
Сүүлийн үед эрдэнэт толгодоо зарна гэх юм, энэ нь эцэг өвгөдөөс үлдээсэн ариун цагаан буяныг идэж ууж, наадаж наргиж дуусгаад эцсийн ганц мөнгөн ембүүгээ бөмбөгөр дээр өвөртөлж очоод өвгөнтөөс өгөөд уухтай адил. Эртээ урьдын цагт зарц адуучин нь 100 сайхан морьдтой Эзнийхээ 51-ийг нь гадаадын банканд барьцаанд тавиад, 49-ыг нь шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргасантай л адил шахуу юм сонсогдох юм.
Уг нь бид байгаа юмаа барилгын цэргүүдээрээ үнэгүй малтуулаад шанагаар хутгаад шуудайлаад зарсан ч баяжчихаар хугацаа багагүй өнгөрлөө л дөө. Гаднынхан гаднынхан л гэх юм. Гаднынхан яахав зайлбал зайлна л биз гагцхүү монгол төр, монгол хүн газрын баялгаа зуун хувь эзэмших хуулийг ганц шөнийн дотор ч гаргах цаг ирэх биз ээ. Тэгээд Харвард, Массачусетс, Лондонгүй суралцаж дэлхийн хай тех, ноу хау-г монгол хар ухаантай хослуулан эзэмшсэн монгол инженер менежер техникийн ажилтнууд тэнгэрийн од шиг олширч, гаднынхныг ганц амбаардаж гаргаад Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм аа гэдгийг ёстой нэг үзүүлээд өгөх байлгүй.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт