Хийлдэг гудсаар тоглож байсан хоёр хүүхэд Хяргас нуурын эргээс 200 метрийн зайтай гүн рүү нь хөвжээ. Ердөө дөрөв, тавхан настай хүүхдүүд. Усанд сэлэх нь байтугай хорвоотой бүрэн танилцаж амжаагүй яваа тийм нас. Нуурын эрэг хавиар амарч зугаалж явсан эцэг, эхийнх нь анхаарал, хяналт суларснаас үр хүүхдээ ийм эрсдэлтэй байдал руу түлхжээ. Бас л бүдүүн зүрх шүү.
Нуурын эргээс дотогш 200 метр гэдэг бол тийм ч бага зай биш. 20-30 метрийн гүн рүү ороход энгийн иргэнээс ч сэлэх ур чадвар шаардах зай. Үүнийг нь мэдсээр байж хоёрын хоёр нялх үрсээ хийлдэг гудсан дээр суулгачихаад өөрсдийн зугаа цэнгэлийг хөөгөөд явчихсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл.
Аз болоход Увс аймгийн Онцгой байдлын аврагчид ойр явж таарснаар шуурхай арга хэмжээ авч нуурын эргээс 200 метрийн зайд хөвж явсан хоёр хүүхдийг эсэн мэнд аварчээ. Хэрвээ хийлдэг гудсан дээр хөвж явсан хоёр хүүхэд гэнэ алдаж нуурын усанд унасан бол, хэн нэгнээс аврал эрэн амь тэмцсэн бол яах байсан бэ. Анхаарал хяналт суларснаас тийм байдал руу түлхсэн эцэг, эх нь хий дэмий л нуурын эргээр хашгиралдан нааш, цааш гүйх болов уу. Бодохоос ч зүрх шимширч, элэг эмтрэм тийм нэгэн дүр төрх хүн бүхний ой тоонд хамгийн түрүүнд бууна.
Ховд аймгийн Ховд сумын малчин Н-ын хоёр настай хүү сураггүй алга болжээ. Сумын төвөөсөө 30 км-ын зайд амьдардаг энэ айлынхан мал хуйдаа явахдаа алгын чинээхэн хүүг ганцааранг нь орхиод гарцааснаас үүдэлтэй. Хачирхалтай нь, хоёр настай хүү сураггүй алга болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын албанд оройн 21.05 цагт дуулгасан байх юм. Энэ дагуу холбогдох албанынхан эрлийн баг гаргаж хүүг хайсан ч үр дүнд хүрээгүй юм. Улмаар удаах өдрийн 06.00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлж, ойролцоох гол ус, гуу жалгаар самнаснаар хүүг Ховд сумын Баянбулаг багаас дөрвөн км орчим зайд эсэн мэнд байсныг эрлийн багийнхан олжээ. Хүүг аз түшсэн нь энэ байв.
Гэртээ хүүхдээ орхиод ойрхон малдаа явдаг хөдөө нутагт тогтсон уламжлал байж болох ч хэлд орж яваа хоёрхон настай тэр хүүг хараа хяналтгүй ганцааранг үлдээнэ гэж байх уу?.
Хэрвээ ар гэрийнхнийхээ араас үдэш оройн цагаар гарч явсан хүү замдаа гол ус руу орж эрсдэх, нохой, шувууны хоол болсон бол яах байсан бол. Орхиод явсан ар гэрийнхэн нь өөрсдөдөө бурууг өгөхөөс өөрөөр юу ч хийж чадахгүй. Хий дэмий л хэн нэгнийгээ зэмлэж, буруутгана. Бусдаар хүү буцаж ирэхгүй байж ч мэдэх тийм нэгэн эрсдэлтэй нүүр тулжээ.
Энэ бол сүүлийн хэд хоногт болж өнгөрсөн хоёрхон жишээ. Холбогдох албанынхны тусламжтайгаар эсэн мэнд эцэг, эхдээ олдсон тохиолдол нь энэ болохоос эргэж ирэхгүйгээр хорвоог орхисон бяцхан зүрх олон. Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Баян-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км/ иргэн Х-гийн хоёр настай охин ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тохиолдол өнгөрсөн онд бүртгэгдэж байв. Дуудлагын дагуу эрлийн баг тухайн өдрийн 20:36 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Улмаар маргааш нь ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэнд 19:00 цагт эрлийг зогсоож байв. Удалгүй Сэргэлэн сумын төвөөс 30 км-ын хоёр настай охиныг олсон байдаг. Харамсалтай нь, дэрсэн дундаас олсон охины бие хэдийнэ хөрсөн байсан юм. Энэ хэрэг намжаагүй байхад Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 16 настай хүү малдаа яваад эргэж ирсэнгүй.
Учир нь, сураггүй алга болсон дуудлага хүлээж авснаас тав хоногийн дараа хүү усанд живж амь насаа алдсаныг унаж явсан морьных нь хамт олсон юм. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн хажуугийн тоглоомын талбайд тоглож байгаад ор сураггүй алга болсон зургаан настай хүү гэрийнхээ ойролцоох траншейны нүхэнд унаж нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг ч өнгөрсөн онд гарч л байлаа. Эцэг, эхийн хараа хяналт суларснаас, хэнэггүй зангаас үүдэж хүүхдүүд амиа алдсан тохиолдлын зах зухаас дурдахад ийм. Эсэн мэнд олдож, аварч байгааг аз гэж бодож болох ч эз нь таарвал юу ч тохиолдож болно.
Бидний хэнэггүй монгол зан үр хүүхдээ үхэл рүү “түлхсээр” л байна. Хорвоод хүн болох гэж мөрөө гаргаж яваа тэдэнд учирч болох эрсдэлээс хамгийн түрүүнд найдвартай хамгаалагч нь эцэг, эхчүүд бид өөрсдөө. Өөр хэн ч биш ээ!.
Алаг үрээ хорвоод мэндэлэхэд нь энгэр цээжиндээ нандигнан тэврээд, амин зүрхэндээ "Үр минь" хэмээн шивнэдэггүй бил үү, бид. Тэгсэн атлаа хормын төдий зугаа цэнгэл, хариуцлагагүй үйлдлээсээ болж хорвоогоос тэднийг түлхэх үйлдлийг мэдсээр байж хийсээр байх гэж үү.
Ингэхэд таны хүүхэд дэргэд тань байна уу? Байгаа бол юу хийж байна вэ. Арай эцэг, эхчүүд бидний хайхрамжгүй, хэнэггүй зангаас үүдэж хаа нэгтээ өөрийгөө эрсдэлд оруулж байгаа юм биш биз?!
С.Гандөл
Сэтгэгдэл (6)