Герман руу хууль бусаар эм нэвтрүүлсэн Монголын хоёр иргэний шүүх хурал явагдаж байна
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Унгарын Будапешт хотоос Берлин орох А17 хурдны замаар 150,000 ширхэг хууль бус эм тээвэрлэж яваад Дрезден хотын ойролцоо баригдсан Монголын хоёр иргэний шүүх хурал Дрездений дүүргийн шатны шүүх дээр эдгээр өдрүүдэд болж байгааг Германы TAG24 мэдээлсэн байна.
58 настай Т.Мөнхбат, 38 настай Э.Оргил нар нь Москвагаас онгоцоор Будапешт орж, цаашаа дипломат албаны дугаартай "Мерседес Бенз" маркийн автомашинаар явсан бөгөөд машиндаа авч явсан 7 цүнхнээс тус бүр нь 4 еврогийн үнэтэй 150,000 ширхэг өвчин намдаах Лоразепам эм гарч ирсэн аж.
Машиныг жолоодож явсан Э.Оргил нь бөө хүн бол Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан Үүд дахь Монгол улсын ерөнхий консулын газрын худалдааны атташе гэнэ. Мөнхбатын дипломат пасспортын хугацаа дууссан байсан бол, Оргил нь Оросын хуурамч бичиг баримт авч явжээ.
"Унгарт үйлдвэрлэж Монгол руу нийлүүлдэг энергийн ундааны савлах үйлдвэрийг нутагтаа байгуулахаар гэрээ хэлцэл хийх гэж явсан" хэмээн Т.Мөнхбат Берлин рүү явсан зорилгоо тайлбарласан байна. Тээвэрлэсэн эмний тухайд тэрээр "Будапештаас таньдаг хүнийхээ илгээмжийг авч явсан, дотор нь юу байгааг мэдээгүй. Сайн санаж явсан хүндээ хууртчихлаа" хэмээн мэдүүлжээ. Гэхдээ тэрээр авч явсан цүнхнүүдийн дотор юу байгааг яагаад шалгаагүй болохоо тайлбарлаагүй аж.
Дашрамд дурдахад, 2019 оны зургаадугаар сард яг энэ хурдны замаар Монгол улсын хоёр дипломатч мөн л "Мерседес" автомашинаар 70 кг геройн тээвэрлэж яваад баригдаж байсан юм.