Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог
Эхнэрийн чинь зөн совин ямар нэг зүйл хийхийг эрс эсэргүүцээд байвал саналыг нь тэс зөрж бүү үйлд. “Бүсгүй хүний зөн совин аугаа их хүмүүсийн алсын хараатай дүйцдэг” юм. Ханьдаа урам магтаалын үгийг харамгүй хэлж бай. Чамаас урмын үг сонссон эхнэрийн чинь сэтгэл зүрхэнд нь баяр бахархал цалгиж, урам зориг нь эрчлэн, ариун үйлсийн мандал бадрал, хамгийн дээд аз жаргал дунд умбах мэт болно. Ханийнхаа гол гонсойж, дотор харлан, нулимс унагах үгийг бүү хэл, үйлийг бүү үйлд. “Дэлхий дээрх хамгийн хүчтэй ус – энэ бол эмэгтэй хүний нулимс”. Эр нөхрөөрөө бахархан уйлах, үр хүүхдэдээ баярлаж уйлах, эцэг эхээ санагалзаж уйлахаас өөрөөр эхнэрийнхээ сормуусыг норгохгүй байхыг хичээ. “Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог” юм шүү. “Аливаа алдартай хүний сүүдэрт зовж шаналсан бүсгүй ямагт байдаг” нь харамсмаар. Урьд нь ийм л байсан, одоо ч ийм л байгаа. Хорвоод бүх юм тэгш заяадаггүй гэдэг үнэн юм даа. Бүсгүй хүн сэтгэлийн зовлон шаналал, хөнгөн гуниг тээж явах мөч амьдралд тохиохыг алийг тэр гэхэв. Тэр үед гадаад өнгөндөө үзэсгэлэн гоо, эелдэг зөөлөн бүсгүй хэвээр байж, сэтгэлийн зовлон шаналлаа хэнд ч харуулахгүйгээр омог бардам, толгой дээгүүр алх. Тийм үедээ ч биеэ хэрхэн авч явах урлагийн жинхэнэ амьд үлгэр жишээ болж яв. Энэ бүхэн эргэн тойрныхонд чинь сайхан гэхэд ч багадмаар зөөлөн уур амьсгалыг авчирна.